Скайтел групп “Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем” бүтээлээр “Шилдэг санаачлага” цомыг хүртлээ.

2013-05-27

Монгол улсад мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас 9 дэх жилдээ зохион байгуулсан ICT Expo-2013 үзэсгэлэнд оролцогчдоос шилдгийн шилдгүүд шалгарлаа.
Шилдэг санаачлага, шилдэг бүтээгдэхүүн, шилдэг шийдэл, олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, тэргүүний хөрөнгө оруулагч зэрэг шагналтнуудыг тодруулсан бөгөөд Скайтел групп “Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем” бүтээлээр “Шилдэг санаачлага” цомыг хүртлээ.

Скайтел группийн цоо шинэ үйлчилгээ болох Mobile Payment үйлчилгээ нь аль ч операторын хэрэглэгч байсан үйлчлүүлж болох төлбөр тооцооны шинэ технологид суурилсан шинэлэг бүтээл юм. Хэрэглэгч нийтийн тээвэрт мөнгө төлөхийн тулд гар утсаа зориулалтын төхөөрөмжид уншуулахад л хангалттай. Үүгээр ч зогсохгүй тусгай технологи бүхий “Пос” төхөөрөмжийн тусламжтайгаар эх орны аль алслагдсан бүх нутагт, бүр гар утасны сүлжээ хүрээгүй газар ч төлбөр тооцоогоо утасныхаа тусламжтайгаар хийх боломжтой болно.