СКАЙТЕЛ ГРУПП ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТАА ТЭРГҮҮЛЛЭЭ

2013-04-16

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалт болж үүрэн холбооны үндэсний оператор Скайтел компани шилдгээр шалгаран өргөмжлөлөө гардан авлаа. Хийж бүтээсэн ажил үйлс, улс орны хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь аж ахуйн нэгжүүдийг үнэлж, шалгаруулдаг энэхүү арга хэмжээ нь  бизнесийн салбарынхны хувьд өргөн агуулгатай, өндөр ач холбогдолтой болдог билээ. Үндэсний компаниуд, тэр дундаа хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжин тэлж, мянга мянган ажлын байрыг шинээр бий болгож, улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлт, хөгжлийн гол ачааг нуруундаа үүрч яваа билээ. Тиймээс 2001 оноос эхэлсэн  ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалт өнгөрөгч оноос хүрээгээ тэлж ТОП-150 болж өргөжсөн юм байна. Улс орны эдийн засаг, бизнесийн өсөлтийг харгалзан үзэж өнгөрөгч жилээс жагсаалтыг ийнхүү өргөтгөснөөс гадна “Авлигын эсрэг хийсэн ажил, санал санаачилга, үр дүн” гэсэн шалгуур үзүүлэлтийг шинээр нэмж оруулсан байна. ТОП-150 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлага, шинээр бий болгосон ажлын байр, дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал зэргийг авч үзсэн бөгөөд нийлбэр дүнгээр Скайтел Групп жагсаалтын 26-д жагсан харилцаа холбооны салбартаа тэргүүллээ. Мөн Скайтел групп “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч TOP 10”  аж ахуйн нэгжээр шалгарсан бөгөөд нийтдээ 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгож нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлон, бодлогоо боловсруулан хортой хог хаягдлыг бууруулах “Эко бокс” төслөө хэрэгжүүлсэн нь бодит үр дүнгээ үзүүлж байгааг ийнхүү үнэлсэн хэмээн талархаж байна.