04 03/2024
Монголын Менежментийн Холбооны тэргүүн, доктор, профессор Д.Цэрэндоржтой ярилцлаа.
Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан менежментийн шилдгүүдийг шалгаруулах ёслол боллоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?
Сар шинийн өмнө “Менежментийн шилдгүүдийг тодруулах арга хэмжээ” 20 дахь жилдээ болж өнгөрлөө. Анх 1993 онд шилдэг менежер шалгаруулахад, анхны шагналын эзнээр олон түмэн нилээн сайн мэдэх “НИК” ХХК-ийн Ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж. Оюунгэрэл тодорч байсан. Цаашид холбооны үйл ажиллагаа өргөжөөд хүмүүс менежментийн ач холбогдолыг ойлгоод эхлэхээр зөвхөн шилдэг менежер гэхээс илүү байгууллагуудын үйл ажиллагааны ерөнхий үр дүнгээр нь ганц нэг хүний ажил гэхээс илүү хамт олны ажлыг үнэлэх систем рүү орж эхэлсэн.
“Шилдэг менежменттэй байгууллага” энэ шагналыг хэдийнээс эхэлж олгох болсон бэ? Ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ?
2009 оноос эхлэн шилдэг менежер гэсэн нэр төрлөөс гадна шилдэг менежменттэй байгууллагыг шалгаруулах болсон. Энэ жилийн шилдэг менежменттэй байгууллагаар “Скайтел” групп шалгарсан. Шилдэг менежменттэй байгууллагыг менежментийн чадамжийн үндсэн 10 гол үзүүлэлт байдаг. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Өөрөөр хэлбэл Монголд шилдэг менежменттэй байгууллагаар шалгарсан байгууллага Америк, Япон, Сингапурт шалгарсан байгууллагаас ялгарах юмгүй гэсэн үг. Яагаад гэвэл шалгуур үзүүлэлт, аргачлал нь яг адилхан.
Хамгийн гол үзүүлэлт нь стратегийн удирдлага юм. Энэ нь тухайн хамт олон зөвхөн өнөөдөр сайн ажиллаж байна уу, эсвэл ирээдүйд ч мөн амжилтаа хадгалж, түүнийгээ ахиулж ажиллах чадамжтай болж, хамт олноороо нэгэн зорилгын дор нэгдэж ажиллаж чадаж байна уу гэсэн асуудал гарч ирж байгаа. Үүнийг байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилго, зорилт гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлдог юм. Тэр нь дан ганц цаасан дээр бичсэн зүйл биш ажилтан бүрийн сэтгэл зүрхэнд уягдаж, тэмүүлэл болж чадсан бодит зорилго юм.
Хоёр дахь асуудал бол тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалтын оновчтой байдал юм. Үүнийг зохион байгуулалтын чадвар гэж нэрлэдэг. Гурав дахь үзүүлэлт буюу гол үзүүлэлтийн нэг нь хүний хөгжил байдаг. Үүнийг сургалт хөгжил ч гэж ярьж бичиж байгаа. Сургалт хөгжил нь маш цэгцтэй зорилгодоо тэмүүлж байхад оршдог. Эмч хүн, хүний эрүүл мэндийг үздэгтэй адил энэ мэт тодорхой үзүүлэлтээр байгууллагуудыг хэмжиж тодорхойлдог. Үүнийг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийдэг. Манай холбооны хувьд мэргэжлийн шинжээчдийн баг ажиллуулдаг.
Дээрхээс гадна мэдээллийн технологийн ололтыг үйл ажиллагааны гол хэрэгсэл болгож ашиглаж байгаа эсэх, үйлчилгээний чанар хэрэглэгчийн сэтгэл ханамжид бүрэн нийцдэг эсэх, санхүүгийн эргэх чадвар зэрэг үзүүлэлтүүд чухал үүрэгтэй. Энэ бүгдээс үзэхэд байгууллагын ажлыг үнэлэх, тэдгээрээс шилдгийг шалгаруулах гэдэг хялбар ажил биш. Үүнийг мэргэжлийн талаас нь шалгуур үзүүлэлтийг хэмжиж, олон нийтийн асуулга болон мэргэжлийн экспертүүдийн үнэлэмжээр шийддэг. Энэ жилийн хувьд “Скайтел” групп бусдаасаа илт давуу үзүүлэлттэй байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд зогсонги байдалд орсон байсан байгууллагын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн. Энэ талаар хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч байсан. Мэргэжилтнүүдийн үзсэнээр Скайтел групп өөрчлөлтийн менежмент, суралцагч байгууллагын философийг амьдрал дээр бодитой хэрэгжүүлэх тал дээр олон зүйл хийсэн байсан нь харагдсан. Хамгийн гол нь мэдлэгийн менежментийг сайн хэрэгжүүлж хүнээ хөгжүүлэн ажиллаж чадаж байна. Жил ирэх тусам Монголд менежментийн чадамжаараа өрсөлдөхүйц сайн байгууллага олон болж байгаад бид баяртай байдаг. Тэр хэмжээгээр бидний тавих хяналт, шалгаруулалт шударга байх тал дээр бид онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа.
Энэ шагналын гол зорилго юу вэ?
Энэхүү шагналын гол зорилго нь “Амжилтанд хүрсэн байгууллагын менежментийн арга туршлагыг нийтэд таниулж сурталчлах” зорилготой. Энэ утгаараа энэ бол аль нэгэн байгууллагыг гэхээсээ илүүтэй нийгэмд хандсан шагнал. Тэгээд ч менежмент, сайн менежмент гэхээр гадны, алс холын зүйл биш харин бидний өөрсдийн уламжлалт зүйл юм гэдгийг тодруулах үүднээс энэ арга хэмжээг жил бүрийн Монголын цагаан сарын өмнө тодруулдаг. Уламжлал түүхээ яривал Монголчууд бид дэлхийн хамгийн сайн менежерүүд байсан түүх бий.
Манай томоохон байгууллагууд гадны байгууллагаас маш их зөвлөх авч ажиллуулдаг болжээ. Миний харж буйгаар тухайн хүний чадамж нь Монголын хөрсөнд бууж чадахгүй байгаа байдал ажиглагддаг. Гадны зөвлөх авч ажиллуулахад онож, алдаж буй зүйл нь юу байгаа вэ?
Монголчууд хүний гарыг харах байдалтай олон жил амьдарсан. Энэ байдал социализмын үед бүр ч нэмэгдсэн. Дараа нь зах зээл, ардчилалд шилжих үед ч энэ байдал багасаагүй. Гадны зээл тусламж, төсөл хөтөлбөр, гадаад зөвлөх гээд. Харин одоо бол байдал өөр болж байна. Миний хувийн хандлага бол Монгол хүн гадныхнаас илүү гарна уу гэхээс дутах зүйл бол байхгүй. Монгол хүн хурдан сэтгэдэг, юмыг маш хурдан тусгаж авах, өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд дасан зохицох, аливаа зүйлийн арга эвийг олохдоо гарамгай. Харин ийм давуу талаа ажил хэрэг болгох, төгс төгөлдөр, гүйцэд нарийн сайн хийх тал дээр дутмаг байдал ажиглагддаг. Гэхдээ ямартаа ч Монгол хүн бүр менежмент хийх чадвартай гэдэг нь хэдийн батлагдсан зүйл юм шүү.
Удирдлага, менежмент хоёр адил уу, аль эсвэл ялгаатай юу?
Удирдлага гэдэг бол шууд утгаараа дээрээс доош чиглэсэн зааж зааварлах, хянаж шалгах тогтолцоо юм. Гэтэл манайхан заримдаа үүнийг менежмент гэж ойлгоод байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл менежмент нь үүнээс арай өргөн хүрээтэй ойлголт. Энэ нь бүх зүйлийг дээрээс доош чиглүүлэх биш хүн бүр өөрийн хувийн менежментийг маш сайн хийдэг, түүнийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийг хангадаг байхад оршиж байгаа юм. Зөвхөн дээрээс доош биш, доороос дээшээ чиглэсэн идэвхи оролцоо, хэвтээ чиглэлд үүсдэг хамтач, бүтээлч харилцаа энд бүгд хамаатай. Амжилтанд хүрэх амархан, гагцхүү тэр амжилтыг хадгалах, ахиулах гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Шилдэг менежменттэй байгууллагыг шалгаруулахдаа амжилтаа хэр зэрэг тогтвортой хадгалж чадаж байна, цаашид энэ амжилтаа ахиулах тал дээр юу хийгдэж байна, байр сууриа хэр баттай ахиулж чадаж байна гэсэн үзүүлэлтүүдийг хамруулж үздэг. Энэ жилийн хувьд ч дээрх үзүүлэлтүүдэд онцгой анхаарч үзсэн.
Шилдэг менежмент гэсэн ойлголтыг нэг өгүүлбэрээр тодорхойлбол таныхаар хэрхэн дүрслэгдэж байна вэ?
Хүн бүр жигд байж нэг хэсэг нь мундаг, нөгөө хэсэг нь сул биш байвал давхцалын хүч бий болж байгаа тэр газар шилдэг менежмент бий болдог. Бид 2 дээр 2-ийг нэмбэл 4 гэж боддог. Тийм биш 10, эсвэл түүнээс их хэд ч байж болно. Үүнийг гадаад хэлээр синержи гээд байгаа. Энэ бол хүчний давхцалыг бий болгож байна гэсэн үг. Иймд дан ганц нэг хүний хүч гэхээс илүү нэг байгууллагын хамт олны хүчний нэгдэл, түүгээр хүрч буй амжилтыг үнэлж түүнд олгож байгаа шагнал юм. Гэхдээ менежмент дээр лидершип буюу манайхны хэлдгээр манлайллыг нэмбэл, өөрөөр хэлбэл миний бодлоор тэргүүлэхүйн урлаг, менежмент хоёр зөв хосолсон нөхцөлд л тэрхүү хүчний давхцал гэгч бий болж зөв чиглэлд, илүү үр бүтээлтэй хэлбэрээр хэрэгжих юм. Ийм болохоор шилдэг менежменттэй байгууллага гэдэг бол сайн менежмент, тэргүүлэхүйн шилдэг арга туршлага хоёрын шүтэн барилдлага харуулдаг. Тийм ч учраас он оны шилдэг менежерүүдийн цөөнгүй нь өнөөдрийн шилдэг менежменттэй байгууллагуудыг тэргүүлэн ажиллаж байна.
04 03/2024
01 02/2024
16 01/2024