”Шинэчлэлд зогсолтгүй тэмүүлэн шинэ үнэ цэнийг бүтээж, байгалд ээлтэй, менежментээрээ манлайлан, хүний хөгжлийг дээдлэх” болно

2013-02-15

Сур: Скайтел Групп  сар шинийн босгон дээр Монголын Менежментийн Холбооны Оны Менежментийн Дээд Өргөмжлөл “Шилдэг менежменттэй байгууллагаар” шалгарсанд баяр хүргэе. Усан Луу жилд танай хамт олны хийж бүтээсэн гол ажлуудаасаа дурьдахгүй юу?

Д.Б: Бидний хувьд  Усан Луу жил  нь байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг хамарсан хөгжил дэвшлийн үржил шимтэй хөрсийг бий болгох “Байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөр”-өө амжилттай хэрэгжүүлж эхлэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгч бүртээ Энгийн, Ойлгомжтой, Хэрэглэхэд хялбар, Үнэ цэнэтэй байлгахад илүүтэй анхаарч, өрсөлдөх чадвараа хөгжүүлсэн жил боллоо.Бид “Цаг хугацааг гол өрсөлдөгчөө” болгон сүлжээ, үйлчилгээний хүрээгээ өргөтгөн технологийнхоо сул талыг багасгахаар хичээн ажиллаж, техниктехнологийн үйл ажиллагааны найдвартай байдлыг хангах, гэмтэл саатлын тоо, үргэлжлэх хугацааг бууруулах чиглэлээр үйл ажиллагааны сайжруулалтууд хийж, чанарын дорвитой ахиц гарган, Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх бэлтгэл ажлаа хангаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдлэж, хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэхээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүддээ эрс шинэчлэл хийхийн зэрэгцээ  хэрэглэгчиддээ санал болгох хэрэглэгчийн ухаалаг тоног төхөөрөмжүүдийн нэр төрөл, нийлүүлэлтийн хэмжээг  эрс нэмэгдүүлсэн ололт амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө.

Сур: Та  “Байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөр”-өөсөө товч танилцуулна уу? Мэдээж “Шилдэг менежменттэй байгууллага”-аар шалгархад онцгой нөлөө үзүүлсэн болов уу гэж дүгнэж байна.

Д.Б: Үүрэн холбооны үйлчилгээний салбарт өрсөлдөөн маш хүчтэй явагдаж байна. Энэ тохиолдолд байгууллага дотоод болон гадаад орчны өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, шинэ нөхцөл байдалд  зохицуулан үйл ажиллагааныхаа шинэчлэлийг хурдтай хийж чадвал ялах  нөхцөл бүрдэнэ гэж би ойлгодог. Скайтелийн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийгдэх нөхцөлүүд бүрдсэн байсан. Бид байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт, дүрэм журам, бизнесийн болон технологийн стратеги, ажилтнуудынхаа хандлагыг шинэчлэх өргөн хүрээнд энэ хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлжбайна. Байгууллага өөрийн Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Үнэ цэнээ оновчтой зөв тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө нийт хамт олноороо сэтгэл оюун, хүчин чармайлтаа дайчилж чадаж байж, бизнест өрсөлдөх чадвараараа өрсөлдөгчөөсөө давамгай болдог.

Сур: Танай байгууллагын Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Үнэ цэнэ бусдаас юугаараа онцлог вэ?

Д.Б:Бид стратегийн үндсэн зорилтууд, үнэ цэнээ олон улсад хэрэглэгддэг орчин үеийн аргачлал ашиглан, хамт олноороо хангалттай хугацаанд хэлэлцэж санал бодлыг нь тусгаж тодорхойлсон болохоор хэрэгжих үндэслэл сайтай болсон гэж үзэж байгаа. Гол агуулгыг дурьдвал ”Шинэчлэлтэд зогсолтгүй тэмүүлэн шинэ үнэ цэнийг бүтээгч, байгалд ээлтэй, менежментээрээ манлайлагч, хүний хөгжлөө дээдлэх” гэсэн санаанууд орсон.

Сур: Таны ярилцлагыг бизнесийн салбарын олон менежерүүд уншиж байгаа гэдэгт итгэлтэй  байна. Та манай уншигчдад Менежментээрээ манлайлагч гэсэн санаагаа тайлбарлаж хэлж өгөхгүй юу?

Д.Б: Ер нь манай компанид төдийгүй манай салбар, улсын хэмжээнд ч орчин үеийн менежментийн түвшинд бэлтгэгдэж, туршлагажсан лидерүүд их дутагдагдалтай байна. Бид энэ асуудал дээр их анхаарал тавьж ажиллаж байна. Ажиглахад, олон компаний удирдлага өмнөх нийгмийн удирдлагын арга барилтайгаа зууралдсан хэвээр мөн олон компани өөрсдөө санаачлагатай байж зах зээлийн системд тохирох менежментийн арга хэрэгслийг хэрэглэх болон амжилттай яваа компаниудын туршлагаас суралцахын оронд асар өндөр үнээр гадаадын зөвлөх үйлчилгээний байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ авах замаар явж байна. Гэтэл нөгөө өндөр үнэтэй зөвлөх нөхдүүд нь ирээд компаний хүмүүстэй нь уулзаж ярилцлага хийж дотроо ярьдаг санаануудыг нэгтгээд бэлэн загвар руу оруулаад л орхидог жишээ олон бий.

Бид компани дээрээ менежментээ хөгжүүлэх үүднээс системгүй хэдхэн сургалт бус, харин тодорхой бодлоготой, системтэй сургалтын хөтөлбөрүүдийг Монголын Хүний Нөөцийн Судалгааны Хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна. 2012 онд бүх захирал, менежерүүдээ оролцуулсан 3 сарын хугацаатай “Байгууллагыг хөгжүүлэх манлайлал” хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусгаад 1 жилийн хугацаатай “Шилдэг менежер” хөтөлбөр үргэлжилж мөн 1 жилийн хугацаатай “Залуу менежер” хөтөлбөрт сургалтанд ахлах менежер, ур чадвартай ажилтнуудаа оролцуулж байна. Эдгээр хөтөлбөрт сургалтуудыг “Үйлдэн суралцах” зарчим, “Оролцоо”-ны аргаар зохион байгуулснаар удирдлагын манлайллын мэдлэг дээшлэн ажлын үр нөлөө, үр ашиг, ур чадвар эрс дээшилж байна.

Түүнчлэн, ЛЭДИ сургалтын төвтэй хамтран 1 жилийн хугацаатай Үйлчилгээний ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх “Smart Service & Happy Customer” хөтөлбөрт сургалтыг зохион байгуулж Сингапур улсын “Service Excellence” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг хийж байна.

Сур: Та салбартаа олон жил удирдах ажил хийлээ. Таны ажлын арга барил зарчим?

Д.Б: Миний хувьд, байгууллагынхаа бизнесийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулдаг олон улсын хэмжээнд амжилттай хэрэглэгдэж байгаа  бүтээмж, чанараа дээшлүүлэх шилдэг арга хэрэгслүүдийг хэрэглэх, удирдлагын багийнхаа эерэг нөлөөлөл ур чадварыг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа хандлага оролцоог сайн байлган хүнээ, байгууллагын соёлоо хөгжүүлэхийг чухалчилдаг.

Сур: Тухайлбал, танай байгууллага менежментийн ямар арга хэрэгслүүдийг голлон хэрэглэж байна?

Д.Б: Ажлын байрны соёлыг дээшлүүлэх “5S”, ажилтны оролцоо санаачлагыг дээшлүүлэх тасралтгүй сайжруулалтын “Kaizen систем”, багаар ажиллах чадавхийг нэмэгдүүлэх “Чанарын дугуйлан”, төлөвлөлт үнэлгээний “Балансжуулсан онооны карт”, манлайлах ур чадварын үнэлгээний “360 хэмийн арга”, “Байгууллагын соёлын судалгаа”-ны арга хэрэгслүүдийг одоогоор хэрэглэж байна энэ жилдээ Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001, Сингапур улсын “Service Excellence” стандартуудыгнэвтрүүлнэ.

Сур: Усан Луу жилдээ хэрэглэгчиддээ ямар шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэв?

Д.Б: Скайтелчууд бид өнгөрсөн хугацаанд 21 аймгийн төв, 10 томоохон сум сууринд Үндэсний хэмжээний 3G/EVDO/ сүлжээг бусад операторуудаас түрүүлэн , орон нутгийн хэрэглэгчиддээ Интернэтийн сүлжээнд өндөр хурдаар холбогдох боломжийг бүрдүүллээ. Мөн 2013 онд 21 сум сууринд шинээр сүлжээний хамрах хүрээгээ  өргөтгөн, хэрэглэгчиддээ шинэ дэвшилтэт  технологийг хүргэхийн зэрэгцээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдлэж, хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн VIP, NICE, Skyphone үйлчилгээнүүдийн шинэчлэл хийж,   Skymedia дөрвөлсөн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэн, Дэлхийн 244 орны 400 гаруй операторын сүлжээнд өөрийнхөө дугаараар Олон улсын Роуминг үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн. Эдгээрээс онцлох юм бол дата хэрэглээг хэрэглээний цоо шинэ түвшинд гаргалаа. Дээр дурьдсанчлан хамрах хүрээг сайжруулж, үнийн хувьд бусад операторуудаас 2-5 дахин хямд байлгаж, өргөн сонголт бүхий картуудыг гаргасан нь хэрэглэгчдийн талархлыг маш их хүлээгээд байна. Бидний гол зорилго бол интернэт хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэн хүн бүрийн хэрэглэдэг энгийн хэрэглээ болгох, цаашлаад хэрэглээнд сургахад оршиж байна. Үнэ хямд хэрнээ чанарын хувьд хангалттай сайн байгаа нь хэрэглэгчдийн тооны өсөлт, тогтмол хэрэглээнээс харагдаж байгаа төдийгүй, хэрэглэгчийн сэтгэл ханамж ч маш сайн байгаад бид баяртай байгаа.

Сур:Ойрын ирээдүйд Мэдээлэл холбооны салбарт ямар үйлчилгээ голлох бол?

Д.Б:2011 онд Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас интернэтийн үйлчилгээ эрхлэгч томоохон компаниудтай хамтран ойрын ирээдүйд нэг өрхийн цахим хэрэглээнд шаардлагатай мэдээлэл татах дундаж хурдны хэмжээг  72-80 Мбит/сек гэж тооцоолон гаргасан. Тэгэхээр цаашид Өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ болох VoIP, VoD, IPTV, HDTV, 3DTV, Тоглоом, Вэб, Видеохурал, Файл татах хэрэглээ илүү их хэрэгцээтэй болж энэ хэрэгцээг дагаад үүрэн холбооны 4-р үеийн LTE технологи нэвтэрнэ.

Сур: Та өмнө нь Компаний Нийгмийн Хариуцлагын чиглэлээр Боловсролын салбарыг сонгож сурагчдын “Үдийн цай”, “Цахим сургалт” зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байсан. Одоо Скайтел компани дээрээ үргэлжлүүлэх үү?

Д.Б: Үргэлжлэхгүй. Скайтел компаний Компаний Нийгмийн Хариуцлагын чиглэлээ “Байгаль орчин” гэж сонгон, Эрхэм зорилгодоо мөн Логондоо ч оруулсан. Энэ чиглэл боловсролоос дутуугүй чухал бөгөөд хийх ажил ч хангалттай байгаа. Бид эхний ээлжинд өөрийн бизнесийн үйл ажиллагаатай шууд хамааралтай эрчим хүчний хэрэглээгээ багасгах, бусад хэмнэлттэй технологиудыг ашиглах, ашиглахгүй болсон хаягдал гар утас, батарейг зохион байгуулалттай урамшуулалтайгаар цуглуулах зэрэг ажлуудыг хийж эхлэн Үйлчилгээний Салбарууд дээрээ “Эко хайрцаг” ажиллуулж байна. Цаашид цөлжилтийн эсрэг, ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалах чиглэлийн ажлуудад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Сур: Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Танай хамт олны цаашдын ажилд улам их амжилтыг хүсэн ерөөе.

Д.Б: Танай сониноор дамжуулан, Скайтелийн нийт хэрэглэгчиддээ, нийт Монголчууддаа  УсанМогойжилдээ оюун билгийн хүч чадлыг хурааж, бүтээж хөгжих эрмэлзэл тэмүүллээ бадрааж, ажил үйлс амжилт бүтээл тань арвин байж гэр хотлоороо эрхэм дээд цэнгэлийг эдлэн, эрүүл энх, элбэг баян, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.