04 03/2024
XVII9 жарны “Үзэсгэлэнт болгогч хэмээх усан туулай” жилийн босгон дээр Монгол Улсын харилцаа холбооны салбарт өөрчлөлт, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд болох Д.Болор, Ч.Энхмэнд нар төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавьяат холбоочин” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Д.Болор захирлын хувьд харилцаа холбооны салбарт 40-н жил зүтгэсэн. Скайтел группийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2012-2015 онд хашиж байхдаа “SKY Re-Branding” төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь одоо ч үр өгөөжөө өгсөөр байгаа юм. Мөн олон улсын банкуудын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн, Цахилгаан Холбооны суурь сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх “Telecom-1”; “Telecom-2”; “Telecom-3”; “MON - 4” гэх зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан юм.
Ч.Энхмэндийн хувьд 1999-2002 онд Технологийн газрын захирлын албыг хашиж байсан бөгөөд Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн анхны Ерөнхийлөгч юм. Түүний хувьд харилцаа холбооны салбарт Монголд пэйжерийн, үүрэн холбооны сүлжээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Скайнэтворкс ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд сүүлийн 10-н жилийн хугацаанд Монгол орны бүх аймаг, сумдыг холбосон 10,000+ км шилэн кабелийг суурилуулах томоохон ажлыг гардан зохион байгуулсан билээ.
Монгол улсын харилцаа холбооны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, үе үеийн залууст үлгэр дуурайлал болж яваа Д.БОЛОР, Ч.ЭНХМЭНД нартаа гавьяат холбоочин цол тэмдгээр шагнагдсанд халуун баяр хүргэе.
04 03/2024
01 02/2024
16 01/2024