ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2016-11-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Ингэж тэмдэглэхийн гол зорилго нь уушгины хатгалгаа өвчин, түүнээс сэргийлэх боломж, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд оршдог.

2016 онд уг өдрийг “АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЦГЭЭЕ - ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ХАМТДАА“ уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Уушгины үрэвсэл буюу хатгалгаа өвчин нь дэлхий дахинд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болж, жил бүр 2 сая гаруй хүүхэд уг өвчний улмаас эндсээр байна.

Манай улсад амьсгалын тогтолцооны шалтгаант нас баралтын тоо 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2-рт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн 1-рт явж байна.

Иймээс хувь хүн, хамт олон, нийгмийн түвшинд иргэдийн хүүхэд асран хамгаалах эерэг мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, сөрөг зан үйл, хандлагыг аажмаар өөрчлөх мөн урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн эмгэг тухайлбал уушгины хатгалгаа, суулгалт, осол гэмтэл, нярайн эмгэгээс шалтгаалсан өвчлөл эндэгдлийг бууруулахад чиглэсэн “Хөгжлийн мэдээлэл харилцааны (C4D) стратеги”-ийг боловсруулан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ ажлын хүрээнд ЭМЯ, ЭХЭМҮТ иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сэргийлж болох өвчний нас баралтыг бууруулах чиглэлээр телевизийн цуврал нэвтрүүлгийг бэлтгэн, эхний дугаарууд Монголын үндэсний олон нийтийн телевизээр олны хүртээл болсон билээ.

Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан Скаймедиа компани МҮОНРТ-тэй “Хамтын ажиллагааны санамж бичиг” зурах үйл ажиллагааг 2016 оны 11 сарын 10-ны өдөр ЭХЭМҮТ-д зохион байгуулж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Жудит Бруно, НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн В.Сүрэнчимэг, МҮОНРТ-ийн ерөнхий редактор Г.Ханхүү, Скайтел группийн Бизнес хөгжлийн төвийн захирал Ч.Агиймаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, дүүргийн Эрүүл мэндийн төвийн ба ЭХЭМҮТ-ийн эмч, ажилтнууд оролцлоо.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Скаймедиа компани “Эрүүл мэнд - Эрхэм баялаг” цуврал нэвтрүүлгийг IPTV үйлчилгээний видео сандаа үнэ төлбөргүйгээр байршуулах юм.

“Эрүүл мэнд - Эрхэм баялаг” цуврал нэвтрүүлгийг доорх сэдвүүдээр бэлтгээд байна.

  1. Анхны тэврэлт - Шинээр төрсөн нярайд төрөх өрөөнд үзүүлэх анхны тусламж, амлуулалт, нярайн дулааныг хадгалах гэх мэт эцэг эхчүүдийн мэдвэл зохих тусламж үйлчилгээний талаарх зөвлөгөө
  2. Нярайн эрүүл эмгэгийн зааг, шарлалт - Нярайн гадаад орчинд дасан зохицох, шарлалтын талаарх мэдлэг олгох, зөвлөгөө
  3. Уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлье - Амьсгалын замын эмгэг, уушгины хатгалгаанаас хүүхдээ хэрхэн хамгаалах, сэргийлэх гэрээр эмчлэх талаар зөвлөгөө
  4. Агаарын бохирдол ба хүүхдийн өвчлөл - Агаарын бохирдлын үед өртөлтийг хэрхэн багасгах, хүүхдээ хэрхэн хамгаалах зөвлөгөө
  5. Ахуйн осол гэмтлээс сэргийлье- Ахуйн ослоос сэргийлэх, анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж
  6. Түлэгдэлтээс сэргийлье - Түлэгдэлтэнд хүргэж болох эрсдлээс хэрхэн сэргийлэх, үзүүлэх анхны тусламжийн талаарх зөвлөгөө

Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд нэвтрүүлгийг тогтмол үзэж, мэдлэг хуримтлуулж, хэрэгжүүлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллага идэвхтэй хамтран ажилласнаар хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт бид эргэлзэхгүй байна. Та бүхэн Скаймедиа Гуравласан үйлчилгээний Видео сангаас дээрх нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзээрэй.

Монголын үрс маш олон болтугай