04 03/2024
Cisco компаниас жил бүр зохион байгуулдаг Кибер аюулгүй байдлын “Cyber Security Forum 2016” форум 9-р сарын 7-ны өдөр Shangri-La зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгт кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг компаниуд болох Imperva, Splunk, Radware, Veritas, Bluecoat-ийн төлөөлөл ирж аюулгүй байдлын экосистем, түүний шинэ чиг хандлага, үүлэн технологид суурилсан мэдээллийн хамгаалалт, халдлага илрүүлэлт болон байгууллагад тулгарч болох аюулгүй байдлын эрсдэлийн шинжилгээ зэрэг сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлэн, туршлага солилцлоо.
Cisco компанийн Монгол дахь албан ёсны түнш СКАЙтел компани тус форумын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан ба форумыг нээж СКАЙтел компанийн Тэргүүн дэд захирал Д.Нарантуяа “Интернетийн үйлчилгээ үзүүлэгчдийн аюулгүй байдлын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа.
Түүний илтгэлээс онцолбол:
Хүн аялалд явах гэж паспорт авдаг, мөнгөө зөв зарцуулах гэж банкны данс нээдэг, хэн нэгэнтэй холбогдох гэж гар утас, нийгмийн сүлжээ ашигладаг. Цаашлаад ухаалаг хот, СИМ-тэй хяналтын камерууд гэх мэт дараагийн үеийн технологиуд маш их дата мэдээллийг бий болгож байна. Үүнийг хувийн болон албаны зорилгоор хэн нэгэн /төрийн, болон бизнесийн байгууллагууд, жишээ нь Google/ анализ хийж боловсруулж байгаа. Эдгээр их хэмжээний мэдээлэл нь өөрөө минут секунд тутамд мянга мянгаар тоологдох халдлагад өртөх эрсдэлийг дагуулж байдаг.
Ийнхүү интернет нь хил хязгаар, яс үндэс, угсаа гарал ялгахгүйгээр хэн ч, хэнтэй ч, хэзээ ч холбогдож болох аугаа боломжийг бий болгож байгаа нь бидний амьдарч буй эрин зууны бодит хэмнэл. Нөгөө талдаа хувийн нууц гэдэг өдрөөс өдөрт багасч, кибер халдлага, вирус өтний довтолгоо ч зэрэгцэн оршиж байна. Ийм ч учраас кибер аюулгүй байдал гэдэг сэдвээр бид нийлж ярилцаж, туршлага солилцож байна. Интернетийн болон үүрэн холбооны оператор компаниуд кибер аюулгүй байдлыг хангахын тулд сүлжээний бүх түвшиндээ хамгийн оновчтой шийдлээр хамгаалалтаа сайжруулахын зэрэгцээ, энэ кибер аюулгүй байдлын экосистемд хамрах бүхий л талуудтай хамтран ажиллах нь хамгийн чухал хамгаалалт болно.
04 03/2024
01 02/2024
16 01/2024