“Рио 2016” Олимпод оролцох тамирчдаа үдлээ

2016-07-20 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Хүн төрөлхтний спортын аугаа их  баяр Зуны Олимпийн XXXI их наадам ирэх 8-р сарын 5-наас 21-ний өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотноо зохиогдох гэж байна. Тус Олимпод Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд 11:00 цагаас эхлэн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн Олимпод манай улс түүхэндээ хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох болсноороо онцлог юм. Тухайлбал буудлагын 3, байт харвааны 1, жүдогийн 13, чөлөөт бөхийн 10, боксын 6, таеквондогийн 1, хүндийг өргөлтийн 1, хөнгөн атлетикийн 5, нийт 40 тамирчин спортын 8 төрөлд Риогийн дэвжээнд өрсөлдөх эрхээ авсан бол ОУОХ-ны урилгаар усанд сэлэлтийн төрөлд 2 тамирчин мөн оролцох нь тодорхой болсноор Монголын нийт  42 тамирчин “Рио 2016”-г зорих болжээ.

Харилцаа холбооны салбарт тэргүүлэгч, Үндэсний оператор СКАЙтел Олимпизмийг дэмжин бүх нийтийн эрүүл мэндийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтад идэвхтэй оролцсоор ирсэн. Бид 2012 оноос эхлэн Монголын Үндэсний Олимпийн Хорооны Алтан түнш болж, Лондонгийн Олимпод оролцсон тамирчдаа дэмжин, “Амжилтын буухиа” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.  Энэ жил ч мөн МҮОХ-той Олимпизмийг дэмжих хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд “Рио 2016” зуны Олимпийн наадмыг шууд дамжуулах МҮОНТВ-ийн Алтан түншээр ажиллах болсноо мэдэгдэж байгаадаа туйлын баяртай байна.

Спортод хайртай нийт Монголын ард түмнийхээ өмнөөс болон СКАЙтел компаний зүгээс Риогийн тэнгэрийг Алтан соёмбот төрийн далбаагаараа өнгөлж, медалийн тоогоо арвижуулж ирэхийн өлзийтэй ерөөлийг нийт баг тамирчдадаа дэвшүүлье.

\