ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ТАЛАРХАЛ ИРЛЭЭ

2016-07-20 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний 11-р уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны 7 сарын 13-14-ний өдрүүдэд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудаас бүрдсэн 12 мянга гаруй хүн бие сэтгэлээ зориулан амжилттай зохион байгуулсан. Энэхүү чуулга уулзалт Монгол улсад бодит үр ашгаа хүртээж, хойшдын бөгөөд мөнгөөр үнэлж барамгүй ач холбогдол арвинтай байж, хамгийн чухал нь эх орнынхоо алдрыг дэлхийн анирт нэр төртэйгээр сонордуулж чадсан үйл явдал байлаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Үндэсний тэргүүлэгч операторын хувьд СКАЙтел компани АСЕМ-ийн үйл ажиллагаанд амжилттай оролцож, дэмжиж ажилласан юм. Дурдвал,

  • Шилэн кабелийн сүлжээгээрээ дамжуулж элчин сайдын яамд, зочид буудлууд, үйлчилгээний төвүүдэд байгууллагад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ, мөн олон улсын роуминг үйлчилгээгээ хямд, найдвартайгаар үзүүлсэн.
  • АСЕМ Вилла хотхонд өндөр хурдны, өргөн зурвасын 3G сүлжээгээр үйлчиллээ.
  • Зочид, төлөөлөгчдөд зориулан Traveller SIM карт гаргаж, хямд дата интернет үйлчилгээгээр хангасан.
  • Монголын талын зохион байгуулагч ажилтнуудын үйл ажиллагааг дэмжин Samsung брэндийн ухаалаг утас болон дугаар хандивласан.
  • Мөн бүртгэл дутуу дугаар эзэмшигчдийн мэдээллийг бүрэн болгох ажлыг төрийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэн, тус уулзалтын бэлтгэл болгон кибер аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Бидний хичээл зүтгэлийг үнэлэн, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уйгаржин монгол бичгээр талархал ирүүлснийг сийрүүлэн хүргэе.

    Талархал

Эрхэм СКАЙтел компани танаа

Ази-Европын уулзалт АСЕМ-ын дээд хэмжээний 11-р уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулахад бие сэтгэлээ хоёргүй сэтгэлээр зориулж, АСЕМ-ын бэлтгэл бүх шатны ажлыг гүйцэтгэж, эрхэм зочдыг эх орондоо нэр төртэй хүлээн авахад оруулсан хувь нэмрийг тань тэмдэглэж, Монгол улсын төр засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлэн, дурсгалын энэ эрхэм бичгийг танд үүрд хадгалуулав.

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

    Улаанбаатар хот 2016-7-19