ХҮҮХДҮҮД ЦААСАН ОНГОЦООР УРАЛДАНА

2016-03-18 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ХҮҮХДҮҮД ЦААСАН ОНГОЦООР УРАЛДАНА

“Цаасан онгоцны улсын аварга шалгаруулах тэмцээн” 2016 оны 3-р сарын 20-ны ням гарагт, Буянт-Ухаа Спортын ордонд зохиогдоно.

СКАЙтел групп хүүхэд, залуусын боловсрол, төлөвшилд хувь нэмрээ оруулах нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд Дүдү боловсрол сангийн зохион байгуулж буй энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Хүн амьдралаа илүү гэрэл гэгээтэй болгож, амьдарч буй нийгмээ хөгжүүлэхийн тулд шилдэг инженерчлэлийн шийдлийг хайж, шинэ технологиудыг нэвтрүүлэхээр оюун ухаанаа уралдуулдаг. Харин цаасан онгоцыг ямар ч насны, хэн ч болов хийж чаддаг, инженерчлэлийн, технологийн хамгийн анхны, энгийн бүтээл юм. Тиймээс СКАЙтел компани Цаасан онгоц хөтөлбөрийг дэмжиж байна.

Тус тэмцээн ЕБС-ийн сурагчдын дунд, 1-2-р анги буюу УЛААН, 3-5-р анги буюу ШАР, 6-8-р анги буюу НОГООН, 9-12-р анги буюу АЛАГ, насанд хүрэгчид гэсэн таван ангиллаар, Холын зайн нислэг, Агаарын цаг, Агаарын үзүүлбэр төрлүүдээр зохиогдох ба нийт 1000 “нисгэгч” уралдана. Дүдү боловсрол сан “Цаасан онгоц” хөтөлбөрөөр дамжуулж хүүхэд багачууд, оюутан залуучуудад STEM боловсрол /шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик/ олгох эрхэм зорилготой бөгөөд сургагч багш, мэргэжлийн тамирчид /цаасан онгоцны нисгэгч/ бэлтгэж, цаашлаад дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцохыг эрмэлзэж байгаа аж.

Тэмцээний үеэр Монгол Улсын Баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзан,  гэр бүл, найз нөхөд, анги хамт олноороо 20 өртөө бүхий “Сансрын аялал”-д хамрагдаж, сансрын нисэгч болох анхны шалгалт өгөн, сансрын шинжлэх ухааны мэдлэгээ нэмнэ. Мөн өөрсдийн хийсэн онгоц, пуужин, нисдэг сэнсээ агаарт хөөргөж, үеийн найзуудтайгаа өрсөлдөх зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудад хамрагдан, цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэх боломжтой.