“СКАЙ” БРЭНД ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛНӨ...

2016-01-25 Онцлох Үйлчилгээ

“Скайтел” ХХК үүрэн холбооны зах зээлд монголчуудын эцэг хэмээн дээдлэгч мөнх хөх тэнгэрээр нэрлэсэн “СКАЙ” брэндийг гаргах гэж байна. Энэ талаар тус компаний гүйцэтгэх захирал Д.Болортой ярилцлаа.

-Танай компанийн шинэ брэнд хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. СКАЙ брэндийн гол зорилго юу вэ?  

-Манай компани 1999 онд байгуулагдсан цагаасаа үүрэн холбооны нэг тоглогчтой монополь зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, шинэчлэлийг эхлүүлж байлаа. Өөрөөр хэлбэл, бид гар утсыг гангараа биш хэрэглээ болгож чадсан. Энэ түүх бол биднийх. Явцын дунд бид зах зээлд Skyphone, 247, D20, Business class зэрэг олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчид нэг нэг рүүгээ дохиж, аль нэг нэгжтэй нь ярьдаг байсан тэр цаг үед төсгөл хийсэн. Мөн цахим хэрэглээний зааг ялгааг (digital devide) арилгаж, хөдөө орон нутаг, сумын төвүүдэд өндөр хурдны интернэт үйлчилгээг нэвтрүүллээ. Тэр утгаараа “Скайтел” бол өөрчлөлтийг бий болгогч, ирээдүйг тодорхойлогч, манлайлагч компани. Бидний үүрэн холбооны салбарт бий болгосон өөрчлөлт нийт хэрэглэгч, монголчуудад ашиг тусаа өгч чаддаг. Хэрэглэгчид байнга хожиж, илүү сайн үйлчилгээ, хямд үнэ, өргөн сүлжээ, шилдэг технологийг хүртэж байсан. Энэ удаа бид зах зээлд монголчуудын эцэг хэмээн дээдлэгч мөнх хөх тэнгэрээр нэрлэсэн “СКАЙ” брэндийг гаргаж байна.

-Шинэ брэндийн давуу талаас танилцуулахгүй юу?

-Манай компанийн хэрэглэгчдэдээ хандаж хийсэн өөрчлөлтүүд иргэд, олон нийтийн амьдралд баяр баясал нэмж, илүү гэгээлэг ирээдүйг бүтээхэд нь хувь нэмэр оруулахад чиглэгддэг. “Скай” брэндийн гол зорилго ч ирээдүйг өнгөлөхөд оршиж байгаа. Брэндийн бас нэг зорилго нь Монгол Улсын харилцаа холбооны зах зээл дэх байр сууриа ахиулах явдал. Брэндийн шинэчлэл хийнэ гэдэг зөвхөн дүр төрхөө солихын нэр биш л дээ. Энэ ажлын цаана бүтээгдэхүүн үйлчилгээ, техникийн нөхцөлөө сайжруулах зэрэг маш олон ажил тусгай төлөвлөлтийн дагуу хийгдэж байдаг. Шинэ брэнд зах зээлд нэвтэрч эхэлснээр “Скайтел” компани хөгжлийнхөө дараагийн шинэ хуудсыг нээлээ гэж ойлгож болно.

-“Ирээдүйг тодорхойлогч, ирээдүйг өнгөлөгч”. Монголчуудын чихэнд наалдах тийм танил дотно, гэгээтэй энэ үг өөрөө шинэ брэндийн тодорхойлолт шиг сонсогдож байх юм? 

-Ирээдүйг тодорхойлно, өнгөлнө гэдэг үг өөрөө их баялаг утгатай. Манай монголчууд аливааг бэлгэшээж өнгөлнө, өнгөтэй байна гэж ярьж, хэлцгээдэг. Наадам дөхөхөөр түрүүлэх байх гэсэн хурдан хүлэг, аварга хүчтэй бөхчүүд, эрхий мэргэн хаваачдаа өнгөтэй байна. Энэ наадмын тэргүүн магнайд дуудуулах байх гэцгээдэг. Хурдны морь, эрмэг хурдан хүлгийн дундаас онцгойрон хурдалж байгаа хүлгүүдээ тэргүүн магнайд өнгөлж явна гэж ярьдаг. Энэ гэгээлэг үгс ирээдүйг, аз хийморийг, эрч хүчийг илтгэж, ирээдүйг тодорхойлж байдаг. Шинэ брэндийн тухайд, бид “өнгө” гэдэг үгээр технологийн дэвшил дагасан баяр баясал, аз жаргалыг илэрхийлсэн бол “ирээдүйг өнгөлнө” гэсэн үгээрээ хэрэглэгчдэдээ “илүү гэгээлэг ирээдүйг бүтээхэд тань дэмжлэг болно, бүтээгдэхүүн үйлчилгээ, технологиороо ямагт манлайлагч байна” гэдгээ илэрхийлсэн байгаа. Брэндийг тодорхойлсон мөрүүдийн төгсгөлд гурван цэг бий. Энэ бол манай давуу тал, бусад өрсөлдөгчдөөс ялгарах гол ялгааг бэлгэдсэн. Мөн бид цаг үе, техник технологийн хөгжлийн хурдыг маш хурдан мэдэрч, олон хэлбэрээр хувирч, үүрэн телефоны зах зээл, орон зайд ямагт тэргүүлэгч нь байх болно гэсэн санааг илэрхийлж байгаа. Скайтел компани “Монголын №1 дата оператор” гэж зүй ёсоор нэрлэгдэж байна. Бидэнд орон даяар хамгийн өргөн, өндөр хурдны сүлжээг байгуулсан туршлага бий. Өнөөдөр Манай хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ ашиглах болсон. 2016 он гэхэд энэ үйлчилгээг нийт хэрэглэгчдийн 80 хувь нь хэрэглэдэг болно гэж бид таамаглаж байгаа. Жил ирэх бүр манай хэрэглэгчид бусад операторуудын дунджаас хэд дахин өндөр дата, ухаалаг хэрэглээг эзэмшиж байгаад бид бахархдаг. Цаашид ч бид шинэ шинэ технологи, дэвшилтэд хэрэглээг нэвтрүүлж, ирээдүйг өнгөлж ажиллана.

-Брэндийн шинэ бэлгэ тэмдэг буюу лого сонирхол татаж байгаа. Бэлгэдлийг харахад жирийн нэг онгоц нүдэнд тусч байгаа. Ямар утгыг илэрхийлж байгаа юм бэ. Тайлбарлаж болох уу?

-Мэдээлэл харилцаа, технологи, хүн бүрийн хамгийн танил ойр дотны хэрэглээ гэсэн илэрхийллийг шингээсэн, энгийн шийдэлтэй аз жаргал, зүрх сэтгэлийн хөлөг онгоц юм. Багадаа цаасан онгоц хөөргөж үзээгүй хүүхэд ховор байх. Онгоц бол мэдээлэл, илгээмж төдийгүй өөдөө тэмүүлэх сэтгэлийн бас орон зайн аяллыг илэрхийлэгч. Өөрийн гараар хийсэн цаасан онгоцоо хөөргөж байгаа хүүхэд болгон сэтгэлдээ аз жаргал, баяр баясал тээж, ялалтаа мэдэрч байдаг. Яг ийм ойлголтоор мэдээлэл тээгч гэдэг санааг шингээсэн хэрэг. Онгоц өөрөө техникийн илэрхийлэл бас дээш тэмүүлсэн хөгжил, хүний хүсэл эрмэлзлийг агуулж байгаа юм. Үргэлж урагшилна бас дээш хөгжинө, ирээдүйг өнгөлнө гэсэн бэлгэдэл юм. Хэрэглэгч бүрт хамаатай, хамгийн энгийн хувилбараар хийсэн.

нгөний хувьд?

-Манай компанийн нэр өөрөө “Тэнгэрийн холбоо” гэсэн утгатай. Тиймээс тэнгэрийнхээ өнгийг сонгосон. Монголчууд бид мөнх тэнгэрээ дээдэлж шүтэж амьдардаг ард түмэн. Шинэ бэлгэдэл маань гурван өнгөнөөс бүтэж байгаа. Мөнхөд орших утга санаа агуулсан гүн хөх, ариун гэгээний бэлгэдэл цагаан, нарны торгон туяа, хүч чадал, энергийн эх булгийг бэлгэдсэн ухаа шаргал өнгө хосолж байгаа. Тэнгэр, үүл, нарыг төлөөлүүлсэн гэж ойлгож бас болно. Тэнгэр бол цаглашгүй, агуу, орон зай, хязгааргүй, мөнх, ирээдүйг илтгэдэг. Үүл нь хур бороо, хөнгөн, ариун, мөрөөдөл, шим, баялаг гэсэн утгатай. Нар бол шинэ, ирээдүй, амьдрал, гэрэл гэгээ, энерги, эрч хүчний илэрхийлэл шүү дээ. Манай ажилтнууд шинэ лого бүтээх ажилд гар бие оролцсон. Бид хамтдаа “Скай” брэндээ өлгийдөн авч, брэндийнхээ үнэ цэнийг зүрх сэтгэлдээ шингээж чадсандаа баяртай байгаа.

-Нийгмээрээ эдийн засгийн чангахан сорилттой нүүр тулж буй энэ цаг үед “Скай” брэнд монголчууддаа юуг амлаж чадах вэ?

-Брэндийн шинэчлэл хэрэглэгчдэд бодит үнэ цэнээ мэдрүүлэх болно. Өөрөөр хэлбэл, төлж буй төлбөрийнхөө төлөө хүртэж байгаа хэрэглэгчдийн мөнгөн үнэ цэнэ нэмэгдэнэ. Бид хэрэглэхэд хялбар, хэмнэлттэй, илүү шинэлэг үйлчилгээг хүргэх болно. “Яагаад “Скай” брэндийг сонгох вэ” гэдэг асуултын хариу болох таниулга, сурталчилгааг явуулснаар бид хэрэглэгчдийнхээ сэтгэл зүйн үнэ цэнийг өсгөх юм. Энэ бол “Скайтел”-ийн хэрэглэгчдийн маань биднээр бахархах тийм брэнд байх болно. Тодруулбал манай компани, “Монголдоо” гэдэг шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх гэж байна. Энэ үйлчилгээ “сүлжээндээ төд, бусад сүлжээнд төдөн төгрөгөөр ярина” гэсэн хоцрогдсон ойлголтыг халах юм. Үндэс угсаа, гарал үүсэл нэгттэй монголчууд эх орондоо сүлжээнээс сүлжээ хооронд, нэг минутад ижил үнэ тарифаар ярина гэсэн итгэл үнэмшил бодитоор тогтоно гэсэн үг. Скайтелийн хэрэглэгчид эх орондоо үүрэн, суурин утас гэж санаа зовохгүйгээр ярьдаг болно гэсэн үг. Бас нэгэн баяр баясалтай, сайн сайхан мэдээ хуваалцахад Скайтелийн хэрэглэгчид мессэжийг монголдоо үнэгүй ашиглах болж байна. Ингэснээр манай хэрэглэгчид, монголчууд маань өөрсдийн амьдралын үнэ цэнэтэй хором мөч бүхнээ дотны хүмүүстэйгээ цаг алдалгүй хуваалцах, найдвартай, амьд харилцаа бий болж байгаа юм. Нөгөө талаар “Скайтел” компани олон хэрэглэгчтэй, салбартаа амжилттай сайн ажиллаж байна гэдэг нь ганц энэ компанийн хэрэг биш. Мөнгө Монголдоо үлдэнэ, монгол хэрэглэгчид илүү сайн үйлчилгээг боломжийн үнээр авна. Монгол хүн ажилтай, орлоготой байна, Монгол улс хөгжинө. Тиймээс “Скайтел” компани 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттэй Монгол компани гэдгээрээ бахархдаг.

-2016 онд дугаартайгаа шилжих үйлчилгээ, 4G технологи нэвтэрнэ. Та энэ жилийг хэрхэн харж байна вэ?

-Дугаартайгаа шилжих үйлчилгээний талаар ХХЗХ-ны 2014 онд хийсэн судалгааг бид 2015 онд баталгаажуулсан. Үүрэн холбооны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг нэг  компаниас нөгөө компанийн сүлжээнд дугаартайгаа шилжих хүсэлтэй хэрэглэгчид байгаа эсэхийг тандсан судалгаагаар хэрэглэгчдийн дийлэнх хувь нь манай компанийн сүлжээг сонгох санал гаргасан. Энэ бол том үр дүн. “Скайтел”-ийг зорин ирэх шинэ хэрэглэгчид болон ууган үнэнч хэрэглэгчдэдээ харилцаа холбооны дэвшилтэт, цоо шинэ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсноо дуулгахад таатай байна. Удахгүй бид харилцаа холбооны салбарын дэвшилтэт шинэ өртөөнд хүрэх аялалд хамтдаа гарах гэж байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээний хувьд, олон жил ашигласан дугаараа хадгалж үлдэнгээ өөрийн хүссэн сүлжээнд шилжих сайхан боломж энэ үйлчилгээгээр олгогдох юм. Уяа сойлго нь таарсан хурдан хүлэг Монгол наадмыг өнгөлдөг шиг “Скайтел” бүх өөрчлөлтийг хийхэд бэлэн болсон гэж ойлгож болно. Бид технологийн шинэчлэлээ хийлээ, өндөр хурдны интернэт сүлжээг эх орныхоо өнцөг булан бүрт хүргэлээ. Чанараа дэлхийн түвшинд хүргэж батламжаа гардан авлаа. Өнөөдөр улам өнгөлсөн шинэ брэнд, өнгө төрхөө танилцуулж байна. Мөн 4G технологийн туршилтаа хийгээд, нэвтрүүлэх бэлтгэл ажилдаа орчхоод байна.  Манай чадварлаг хамт олон бүгд өнгөтэй сайхан байна. Ирээдүй бидэнд гэрэл гэгээтэй, итгэл дүүрэн харагдаж байна. Сонирхуулахад, энэ жил манай компани Бразилын Рио Де Жанеро хотоос МҮОНТ-ээр шууд дамжуулах зуны олимпийн тоглолтын “Алтан түнш”-ээр ажиллах гэж байна. “Скайтел” компани өнгөрсөн хугацаанд салбарын хөгжлийг урагшлуулсан олон чухал алхмыг хийж, ирээдүйг тодорхойлогч байсаар ирсэн, хойшид ч түүчээ нь байх болно.