04 03/2024
Скайтел групп “Зүүн Азийн Спортын наадам”-д дугуйн спортын тамирчидаа дэмжиж оролцлоо
Монголын үүрэн холбооны Скайтел групп нийгмийн хариуцлагын хүрээнд БНХАУ-ын Тяньжин хотноо 10 сарын 6-15-ны өдрүүдэд зохиогдсон “Зүүн Азийн Спортын наадам”-д дугуйн спортын тамирчдаа дэмжин оролцлоо. Дугуйн тэмцээнд манай улсаас эмэгтэй гурав, эрэгтэй дөрвөн тамирчин оролцсон ба тус тэмцээний эрэгтэйчүүдийн 80 километрийн бөөн гараатай уралдаанд ОУХМ А.Алтансүх 1:43:28 цагийн амжилтаар мөнгөн медаль, ОУХМ Т.Төгөлдөр 1:43:46 цагийн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.
Ингээд “Зүүн Азийн Спортын наадам”-д шавь нараа амжилттай авч яваад ирсэн Дугуйн Спортын ОУМ, гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихтой уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
Зүүн Азийн Спортын 6 дах наадамд шавь нартайгаа амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе?
-Энэ наадмын хувьд Зүүн Азийн орнуудын дунд явагддаг спорт наадам бөгөөд 6 дах жилдээ зохион байгуулагдаж байна. Харин дугуйн спорт төрөлд 2 дах удаагаа орж байна. Энэ жилээс хойш энэ наадам Залуучуудын наадам болон хувирч байгаа. Тийм ч учраас ихэнх төрөл дээр Азийн топ тамирчид оролцсон. Дугүйн спортын төрөлд гэхэд л дэлхийн хоёр удаагийн аварга Хонгконгийн тамирчин Вонг Канфу, Азийн аварга Хятадын дугуйчин Пү Юу Ли зэрэг алдартай тамирчид оролцсон. Манай тамирчдын медаль авсан төрөлд түрүүлсэн тамирчин Тайваний дугуйчны хувьд АНУ-ын “Champion system” гэсэн мэргэжлийн багийн тамирчин байсан харин Монгол улсын тамирчин Алтанзулын Алтансүх хоёрдугаар байр, Туулхангайн Төгөлдөр гуравдугаар байрыг эзэлсэн амжилт үзүүлээд ирлээ.
Шавь нарынхаа тухай ярихгүй юу?
А.Алтансүх бол Хөвсгөл аймгийн хүүхэд байгаа. А.Алтансүх, Т.Төгөлдөр болон бусад шавь нартайгаа сүүлийн 6 жил хичээллэж байгаа бөгөөд энэ удаагийн амжилт гэнэтийн зүйл биш тасралтгүй хичээл зүтгэлийн үр шим боллоо. А.Алтансүхийн хувьд 22 настай, бусад шавь нарын хувьд 19, 20 настай бөгөөд энэ нь дугуйн спортын хувьд харьцангуй залуу нас юм. Би энэ насан дээрээ өдий хэмжээний амжилт гаргаж чадаагүй байсан. Ер нь цаашид зохиогдох том тэмцээнүүдэд илүү амжилттай оролцож чадна гэсэн итгэл дүүрэн байгаа. Энэ дашрамд хэлэхэд биднийг хүнд хэцүү үед маань тусалж, хамгийн гол нь бидэнд итгэж дэмжлэг үзүүлсэн Монголын үүрэн холбооны Скайтел компанидаа чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлж байна.
Ийнхүү дугуйн спортын төрөлд чансаагаараа дээгүүрт бичигдэх шилдэг тамирчидтай уралдан эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн тамирчин А.Алтансүх, Т.Төгөлдөр нартаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсэхийн хажуугаар дугуйн спортын хөгжлийн төлөө хүчин зүтгэж яваа гавьяат тамирчин, ОУМ Ж.Өлзий-Орших багшдаа талархал дэвшүүлж байна.
04 03/2024
01 02/2024
16 01/2024