Монгол зураг, зураасан зургаараа олонд танигдсан зураач Ч.Солонгын уран бүтээлд Монгол хүний ур ухаан, сэтгэлгээний онцлог шингэжээ.

2016-01-11 Мэдээ мэдээлэл

Скайтел компани түүний бүтээлийг брэнд бүтээгдэхүүнийхээ нүүр царай болгосон байна.

Энэ удаагийн ikon.mn мэдээ мэдээллийн сайтын ярилцлагын булантай нэгэн сонирхолтой уран бүтээлчийг урилаа. Ингээд түүний урланд зочилж, сонирхолтой яриа өрнүүлснээ танд хүргэе.

 

Сэтгүүлч: -Та анх зураач болох гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
Ч.Солонго: -Бага ангиасаа л зураач болох хүсэлтэй байсан. Багш нар хүртэл ханын сонин, булан хариуцуулаад л. Тэгээд сургуулиа төгсөөд шууд зураачийн мэргэжлийг сонгосон. 1982 онд зургийн сургуульдаа шалгалт өгч элсээд 1986 онд төгссөн.

 

Сэтгүүлч: -Тухайн үедээ зураасан зургийн ангийг сонгож орсон гэж сонсож байсан юм байна. Яагаад зураасан зургийг сонгож суралцахаар шийдсэн бэ?
Ч.Солонго: -Анх мэргэжлийн сургуульд орохдоо нарийн юм мэдэхгүй байсан. Тухайн жилдээ элсүүлэх мэргэжил гэж бий. Жишээлбэл монгол зургийн ангид дөрвөн жилд нэг л удаа элсэлт авдаг. Биднийг элссэн жил зураасан зураг, театрын анги, тайзны зураачийн анги, керамикийн анги зэрэг байсан л даа. Монгол зургийн анги нь миний элсэж байсан жил таараагүй. Тэгээд зураасан зургийн ангид орсон. Хараад байхад зураасан зургийн чиглэлээр явсан зураачид илүү чадалтай юм шиг санагдаад байдаг.

Сэтгүүлч: -Таныг бурхны зураг зурдаг гэж хүмүүс илүүтэй мэдэх байх. Яагаад бурхны зургийг онцолдог юм бэ?
Ч.Солонго: -Бие даасан үзэсгэлэнгээ гаргахдаа цамын сэдэв сонгож авсан. Анх хүрээ хийдэд хамгийн их хүн оролцсон, 108 дүр гаргасан цам болж байсан юм байна лээ. Тэгээд 108 дүрийг гаргая гэж бодоод бурхны зураг руу орох, судлах шаардлагатай болсон.Тэрнээс биш заавал бурхан зурах гэсэн зорилго байгаагүй. Цам гэдэг бурхны зан үйл. Дошгин сахиусууд хүний өмнө бодитоор гарч ирээд хөдөлж байгаа гэсэн хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг байсан юм билээ. Бүтэн жил гаруй судалсан.

Сэтгүүлч: -Зурахаасаа илүү судалгаандаа их цаг зарцуулсан гэж үү?

Ч.Солонго: -Тэгсэн. Мэдэхгүй юм аа зурж болохгүй. Судална гэдэг маш том ажил.

Сэтгүүлч:-Бурхны зураг зурахад тогтсон дэг жаяг бий юу?

Ч.Солонго: -Лам нар нэг их дэг жаяг ярьдаг. Жишээ нь авшиг авах ёстой гэдэг. Надад энэ нь баригдмал юм шиг санагдаад байдаг. Би зураач хүн болохоор өөрөө зохиомжинд оруулаад их зоригтой зурсан л даа.

Сэтгүүлч: -Та бүтээлээ ямар үед, ямар орчинд туурвидаг вэ?

Ч.Солонго: -Миний хувьд орчин хамгийн чухал. Шөнө оройн цагаар ганцаарчилж юмаа хийх их дуртай. Өөрийгөө сонсоход тийм л орчинд байдаг.
Онгод гэдэг чинь хийж бүтээхийн дээд туйл л гэж боддог. Зарим зураач нар өөр өөрөөр тайлбарладаг. Энэ зургийг би яаж зурсан юм бол оо. Дахин ингэж зурж чадахгүй дээ гэж бодогдох үе бий. Тэрийг л онгод нь ороод зурсан байх гэж боддог.

Сэтгүүлч: -Онгод орж ирэхгүй үе гэж байх уу?

Ч.Солонго: -Хэсэг зурж чадахгүй болчихдог. Тэгэхээр ер нь хэцүү.

Сэтгүүлч: -Та хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

Ч.Солонго: -Бичний зургууд зурсан. Дөрвөн өөр бичний тухай. Гэнэн бага нас, залуу нас, дунд нас, тогтсон насны бичнүүдийн дүрийг гаргах гэж хичээсэн. Монгол зургийн аргаар зурсан байгаа.

Монгол зураг их баялаг л даа. Манай Монголчууд байгальтайгаа их ойрхон байсан болохоор байгалиасаа урлагийн таашаал мэдрэмжээ олж авсан байдаг. Үүл, навч, цэцгэн хээ гээд л. Тэр ч байтугай хамар угалз гээд амьтныхаа хамрыг харж байгаа зохиочихсон. Мөн эвэр угалз, түмэн насан хээ, усан хээ гэх мэт. Монгол зураг хаана ч байхгүй онцлогтой. Зохиомж, хэлбэр дүрс, өнгө, сэдэв агуулгын хувьд бусад улс үндэстнийхээс тун өөр.

Бид чинь эрс тэс уур амьсгалтай, төв Азийн дээвэрт нутагладаг, байгаль дэлхийтэйгээ их ойр амьдардаг ард түмэн. Тийм ч болохоор бичнүүдээ байгальтайгаа холбож, монгол газар нутгийн байгалийн дулаан, тод өнгөнүүдээр голлон зурсан. Ард түмэн маань эрүүл энх, тайван амгалан, газар дэлхий ган зудгүй, шим тэжээлтэй байхыг бэлгэдэж байгаа юм.

Сэтгүүлч: -Таны зургуудыг харахад Монгол зураг, Монгол хүний оюун санааны илэрхийлэл гэдэг нь тов тодорхой байна. Таны бүтээлийг Монголын Үндэсний оператор Скайтел компани картаараа дамжуулан ард түмэнтэй илүү ойрхон болголоо. Үүний ач холбогдлыг та юу гэж харж байна?

Ч.Солонго: -Энэ бол манай Монголын ганц үнэт өв. Монгол зураг бол модерн, авангард зургуудыг бодвол хэцүү, удаан суудаг, ажиллагаа ихтэй. Монгол зургийн зураач нар зургаа цуглуулах гэж их хугацаа зарцуулдаг. Ингэж бүтээсэн зүйлс нь Монголдоо үлдэхгүй, ихэнхийг нь гадныхан аваад явчихдаг.

Скайтел компани Монгол зургийг дэмжиж, хүмүүст ойртуулж, хамтран ажиллаж байгаад нь их баяртай байгаа. Үндэсний үүрэн холбооны томоохон компаний хувьд Үндэсний өв соёлоо хүндэтгэн, түүний биет тээгч гэж нэрлэгддэг уран бүтээлчдээ дэмжиж, Монгол оюунаар бүтсэн бүтээлд сайшаалтай хандаж байгаа нь сайхан байна. 
Бүх юм мөнх биш ч урлагийн бүтээл мөнх байдаг. Мөнх орших урлагийн бүтээлээр тэтгэгдсэн болохоор ажил үйлс нь үргэлжид өөдрөг бүтэмжтэй байна гэдэгт би итгэж байна. 

Сэтгүүлч: -Та гарын шавьтай юу. Монгол зургийг өвлүүлэн үлдээх талаас нь бэлддэг үү?

Ч.Солонго: -Шавь нар бэлддэг л дээ. Гэхдээ Монгол зураг руу хүмүүс ороход их хэцүү. Нэг хүүхэд ирээд л түүнд Монгол зураг заагаад өгчихье гэхээр яг орж чаддаггүй. Уран зураг зуруулаад л байхаар гоё зурдаг хэдий ч яг Монгол зураг руу ороод, нарийн ажиллагаатай бүтээл туурвих нь ховор байдаг.

Сэтгүүлч: -Ер нь таны бүтээлийн гол санаа нь юуны тухай хамгийн их өгүүлдэг гэж та боддог вэ?

Ч.Солонго: -Зураас болгонд оюун бодлоо шигтгэж зурдаг. Хүмүүс намайг нийтэд хандсан зургууд зурдаг юм байна гэж дүгнэсэн. Маш олон утга санаа шингээж, нийтийг ухааруулах, битгий ингээсэй, ийм учиртай байдаг гэх мэтээр ойлгуулах зорилготой гэж хэлж болно.

Сэтгүүлч: -Уран бүтээлийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Баярлалаа.

Эх сурвалжийг: http://www.ikon.mn/p/mun

"Тэнгэрлэг" урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг http://www.skytel.mn/#/news/index?id=2189