СКАЙТЕЛ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БОЛОР ШИЛДГИЙН ШИЛДЭГ УДИРДАГЧААР ШАЛГАРЛАА

2015-12-30 Мэдээ мэдээлэл

Монголын Веб Сайтын Холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг “WEB AWARDS” Цахим сэтгүүл зүйн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах 2015 оны ёслолын ажиллагаа амжилттай болж, “Нийгмийн хөгжлийг дэмжигч, үндэсний шилдгийн шилдэг удирдагч” Гранпри шагналыг Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор хүртлээ.

Тэрээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт инженерээс Гүйцэтгэх захирал хүртэл 32 жил үр бүтээлтэй ажиллаж, олон улсын стандартыг хэрэгжүүлэгч, бизнесийн болон үйлчилгээний загвар компаниудыг бий болгож чадсан шилдэг удирдагч юм. Салбартаа хийж бүтээсэн олон арван амжилттай төсөл хөтөлбөрүүд нь энэ шагналыг хүртэхэд хүргэсэн аж. Монгол Улсын Цахилгаан холбооны суурь сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх төсөлд манлайлан оролцсон ба Үйлчилгээний болон Бизнесийн төгөлдөршлийн олон улсын стандартуудыг Монголд анх удаа нэвтрүүлсэн байна. 

2012 оноос хойш Скайтел компанид ажиллаж, олон улсын Чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулснаас гадна, үүрэн холбооны өндөр хурдны 3 жи /3G/ сүлжээг Монгол орон даяар 350 гаруй сум сууринд нэвтрүүлснээр орон нутгийн хэрэглэгчид интернетийн сүлжээнд холбогдон, хот хөдөөгийн хэрэглээний ялгарлыг багасгахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Д.Болор захирал боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, спортын салбарт нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн нийгмийн нөлөө бүхий зүтгэлтнүүдийн нэг юм.