04 03/2024
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган” 2015 оны 11-р сарын 11-ний өдөр Мэдээлэл технологийн үндэсний парк-д зохион байгууллаа. “Дэлхийд танигдъя” уриатай энэхүү чуулганыг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар /МТШХХГ/, Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /МОСА/ болон СКАЙТЕЛ ГРУПП хамтран зохион байгууллаа.
Чуулганы зорилго нь дэлхийд танигдсан старт-ап бизнесийг Монголдоо бий болгож хөгжүүлэх, олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа старт-ап компаниудтай туршлага солилцож, АНУ-ын силикон валлейд ажиллаж буй мэргэжлийн экспертүүдээс онлайн зөвлөгөө авах, төр засгийн бодлого, дэмжлэгийг энэ салбарлуу чиглүүлэхэд оршино.
Тус чуулган нь салбар хуралдаан, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулагдлаа. Чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр СКАЙТЕЛ ГРУПП оролцож Скайтел компанийн Гүйцэтгэх Захирал Д.Болор нээлтийн үеэр үг хэлж, менежер Э.Баярмагнай “СТАРТ-АП БИЗНЕСИЙГ ДЭМЖИГЧ СКАЙТЕЛ” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж амжилттай оролцлоо.
Энэ жилийн чуулганаар үндэсний програм хангамжийн старт-ап бизнесийг дэлхийн зах зээлд гаргах арга замыг тодорхойлоход голчлон анхаарч, энэ хүрээнд стар-ап гэж юу болох, Монголын старт-ап бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, давуу болон сул талууд, үндэсний старт-ап бизнесийн олон улсад ажиллаж байгаа туршлага, старт-ап бизнесийг дэмжиж байгаа гадаад улс орнуудын бодлого, туршлага, дотоодын хөрөнгө оруулагчид старт-ап компаниудтай хамтарч ажиллах боломж, олон улсын компаниудын хууль, эрх зүй, татвар, санхүүгийн хувьд анхаарах зүйлс, үндэсний старт-ап бизнесийг олон улсад өрсөлдөхүйц төвшинд хүргэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх шийдлүүдийг тодорхойлох, зөвлөмж гарган чуулганы төгсгөлд танилцуулсан байна.
Чуулганд төрийн өндөр албан тушаалтнууд, бодлого тодорхойлогчид, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллага, үндэсний програм хангамжийн компаниуд, старт-ап компаниуд болон их дээд, мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн, багш судлаачид, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч, олон улсын хуулийн фирм, PWC компанийн Монгол дах төлөөлөгчийн газар болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо.
04 03/2024
01 02/2024
16 01/2024