СКАЙТЕЛ ГРУПП МОНГОЛ АПЛИКЕЙШНИЙГ ДЭМЖИНЭ

2015-10-29

“Скайтел” Групп Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр таван жилийн хугацаанд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн апликейшн, контентыг түгээхэд хамтран ажиллах юм. Мөн салбарын апликейшн контент хөгжүүлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх, ур чадварыг нь нэмэгдүүлэх, суурь мэдлэгийг хөгжүүлэх гээд олон чиглэлээр ажиллахаар боллоо. Энэ хүрээнд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц монгол апликейшнийг бий болгохыг зорьж байгаа аж.

“Скайтел” Группын Гүйцэтгэх Захирал Д.Болор:

Ямар чиглэлээр хоёр тал хамтран ажиллах гэж байгаа вэ? “Скайтел” Групп ямар үүрэгтэй оролцох гэж байна?

- Бид Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой албан ёсоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ санамж бичгийн гол агуулга нь үндэсний апликейшн, контентын хэрэглээг нэмэгдүүлэх, контент үйлдвэрлэгчдийг дэмжих, хөгжүүлэх, хэрэглэгчдийн гар утас, контентын хэрэглээг нэмэгдүүлэх, суурь мэдлэгийг хөгжүүлэх зорилготой. Мөн хэрэглэгчдийн дунд уралдаан тэмцээн, сургалт, мэдээллийн үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Контент үйлдвэрлэгчдийг програм хангамжийн чиглэлээр бодлого боловсруулах, судалгаа хийхэд дэмжлэг үзүүлнэ. “Скайтел” компаний хувьд технологийн шинэчлэл хийхдээ дэлхий нийтийн үүрэн холбооны хэрэглээний гол хандлага болсон дата хэрэглээг дэмжих чиглэлд илүү анхаарч байгаа. Манай компани улс орон даяар өндөр хурдны 3G сүлжээг байгуулаад үндсэндээ дууссан. Гол зорилго нь глобал хандлагын дагуу хэрэглэгчид интернетэд өндөр хурдаар холбогдох боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь ирээдүйн гол хэрэглээ болж байгаа бөгөөд уламжлалт яриа, мессэжний хэрэглээ датад байр сууриа тавьж өгч байна гэж ойлгож болно.  2014 онд манай програм хөгжүүлэгч компанийн залуучууд Монголдоо анх удаа “Монголын” гэсэн апликейшны дэлгүүр нээсэн. Үүнийгээ одоо ч хөгжүүлж, ажиллуулж байна. Одоогийн байдлаар Монголын контент үйлдвэрлэгчид харьцангүй бага бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Бидний зорилго бол монгол контент үйлдвэрлэгчдийг дэмжих, санхүүгийн хувьд хүчин чадалтай болоход нь туслах юм. Цаашдаа олон улсын зах зээлд гарах боломжийг нь нээх үүднээс “MAPPS” буюу “Mongolian app store” нэртэй контентын том дэлгүүр нээсэн. Энэ нь зөвхөн бүтээгдэхүүн байршуулах биш худалдаа, маркетинг хийх иж бүрэн систем юм. Үүнд нэгдсэнээр контент үйлдвэрлэгчид ганцхан бүтээгдэхүүндээ анхаарах бөгөөд яаж борлуулахыг нь бид шийдэж өгч байна гэсэн үг юм. Цаашдаа үүнийг улам хөгжүүлж ажиллахаар зорьж байна.

- Манай улсын програм хангамж болон, үүрэн телефоны хөгжил олон улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

- Програм бичиж байгаа залуучуудын хувьд инженерийн чадвар нь харьцангуй өндөр түвшинд байдаг. Гол нь тэднийг менежментээр хангах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, нэгтгэх, зах зээлийг нь олж өгөх, хөгжүүлэх ажиллагаа дутагдаж байгаа. Үүнд “MAPPS” сайнаар нөлөөлнө гэж харж байна. Үр дүн нь эхнээсээ гарч байгаа бөгөөд Монголоос олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулах залуучууд, компаниуд тодорч байна. Гол нь “МAPPS” багийн дор хүчээ нэгтгэж, илүү хүчтэй зохион байгуулалт менежменттэй болох шаардлагатай. Мэдээж хэрэг манай залуучуудад туршлага шаардлагатай. Монголчуудын хувьд оюуны өндөр чадамжтай учир чанартай хэрэгцээг бүрэн хангасан бүтээгдэхүүн гаргах маш их бололцоотой. Энэ боломжоо хөгжүүлэхэд компанийн зүгээс чадах хэрээрээ оролцоно.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамир

-          “Скайтел” компанитай хийсэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-         Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо “Скайтел” компанитай албан ёсоор хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд нийт найман багц ажлыг хийнэ. Үүнд Монголын програм хангамжийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг, ялангуяа гар утсанд суурилсан апликейшны програм хангамжийг олон нийтэд хүргэх, таниулах, сурталчилах, улмаар олон нийтийн хэрэглээ болгохыг зорьж ажиллана. Мөн олон нийтэд чиглэсэн сургалт, арга хэмжээнүүдийг хамтарч зохион байгуулахаар болсон. “Скайтел” компаниас гаргасан “MAPPS”  гар утасны апликейшн борлуулдаг дэлгүүрийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулна. Нөгөө талдаа гар утасны апликейшн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдээ сургаж, дэмжиж, мэргэжлийн түвшинд аваачих зорилтыг тавьж хамтарч ажиллахаар болоод байна. Санамж бичгийн үргэлжлэх хугацаа таван жил. Сүүлийн үед дата хэрэглээ эрс нэмэгдэж байгаа. Дата хэрэглээг нэмэгдүүлж, хурдасгадаг зүйл бол мэдээж програм хангамж байдаг. Програм хангамжаар дамжуулж контент хэрэглэгч нарт хүрдэг. Тиймээс гар утасны контент үйлдвэрлэгч, үүрэн оператор хоёр хамтарч ажилласнаар апликейшны хэрэглээг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой.

-          Монгол апликейшний онцлог, давуу тал юу вэ?

-         Дэлхий дээр өргөн хэрэглэдэг түгээмэл аплкейшнууд байдаг. Гэхдээ Монголын соёл, ёс заншилтай холбоотой аплкейшн ч мөн шаардлагатай байна. Апликейшны хэрэглээ хэн зохиосноосоо хамаардаггүй. Үүнийг яаж олон улсад түгээн дэлгэрүүлж байгаагаасаа хамаарч үндэсний бүтээгдэхүүн болж явдаг. Сүүлийн үед солонгосчууд энэ төрлөөр дэлхийн хэрэглээг хангахаар эрчимтэй ажиллаж байна. Үүнтэй адил өөрсдийн орон зайг эртнээс бий болгож дэлхийн зах зээл дээр үндэсний бүтээгдэхүүнээ танилцуулах хэрэгтэй. Дэлхийд танилцуулах үндэсний бүтээгдэхүүн бол хэрэглээ гэдэг талаас нь харж өрсөлдөх хэрэгтэй болж байгаа юм. Энэ өрсөлдөөнд бид ялалт байгуулвал оюуны бизнес дээр тулгуурласан хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн мөнгөн урсгалыг бий болгоход чухал ач холбогдолтой. Олон улсын зах зээлд бид хэрхэн яаж гарах боломжтой талаараа хэлэлцэх ёстой. Хэлэлцүүлгийг чуулган хэлбэрээр жил болгон зохион байгуулдаг. Манай салбарын гуравдугаар чуулган 11-р сарын 11-ний өдөр болох гэж байна. Энэ удаагийн чуулганаар дээрх асуудлыг хөндөж, цаашдын төлөвлөгөөг ярилцана.