СКАЙТЕЛ ГРУПП МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН ДУУ ХӨГЖМИЙН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2015-05-26

Дэлхийн хөгжмийн салбарын хамгийн том төлөөлөгчид болох Sony Music Entertainment, Universal Music Group, Warner Music Group-н хамтлаг, дуучдын 20 сая гаруй дууны сантай хөгжмийн стрийминг үйлчилгээг “Скайтел” Групп “Хуур Мюзик Групп”-тэй хамтран Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэх гэж байгаагаа танилцуулж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Дэлхий даяар хөгжмийн стрийминг үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, дуу хөгжим сонирхогчдын хэрэглээний шинэ хэв маяг хэдийнээ болоод байгаа бөгөөд хөгжмийн салбарт томоохон шинэчлэлийг авч ирээд байна. Стрийминг үйлчилгээ нь хэрэглэгч сар бүр тогтмол төлбөр төлөөд хүссэн дуу хөгжмөө албан ёсны эрхтэйгээр, хязгааргүй сонсох боломжтой юм.

Spotify, Beats Music, Pandora гэх мэт ихэнх хөгжмийн стрийминг үйлчилгээнүүд Монголд бүс нутгийн хязгаарлалтай, ашиглах боломжгүй байдаг. Тэгвэл “Скайтел” Групп “Хуур Мюзик Групп” нар хамтран дэлхийн стандарт, шаардлагад нийцсэн нууцлал, хамгаалалт өндөртэй, шинэлэг технологийн шийдэл бүхий гар утасны апликэйшнийг гаргах юм. Энэ нь Монголчуудад дэлхийн дуу хөгжмийг шинээр гарсан даруйд нь албан ёсны эрхтэйгээр цаг алдалгүй сонсох боломжийг нээж байна.

Энэхүү үйлчилгээ нь дараах давуу тал, боломжуудтай. Үүнд:  

  • Онлайн орчинд хүссэн дуугаа хязгааргүй сонсох,
  • Дуртай дуугаа хадгалаад интернэтгүй үедээсонсох
  • Чанарын өндөр түвшинд сонсох, 
  • Монголын шилдэг 8 радиог шууд сонсох,
  • Өөрийн дууны сангаа найзуудтайгаа хуваалцах боломжтой. 

Скайтел компани Sony Music Entertainment, Universal Music Group, Warner Music Group нарын Монгол улс дах анхны үүрэн телефоны салбарын хамтрагчаар ажиллах эрхтэй болсон нь нэр төрийн хэрэг бөгөөд Монголын дуу хөгжмийн салбарт хийж буй томоохон хөрөнгө оруулалт, шинэ боломж юм.

#MUSICFREEDOM тун удахгүй