МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН УЛСЫН ОЛИМПИАДЫГ СКАЙТЕЛ КОМПАНИ ИВЭЭН ТЭТГЭЛЭЭ

2014-05-14

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд зохион байгуулагддаг уламжлалт Мэдээлэл зүйн улсын XXVIII олимпиадыг ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургууль амжилттай зохион байгууллаа. Энэ олимпиадыг мэдээлэл харилцаа холбоо технологийн тэргүүлэгч компани “Скайтел групп”, Хөдөө аж ахуйн бирж ХХК–иуд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулжээ. Монгол улсын хөгжлийн нэг гол хөдөлгүүр болох харилцаа холбооны салбарын үндэс суурь болох  мэдээлэл зүйн хичээлийн чанарыг сайжруулах, боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд ийнхүү хувь нэмрээ оруулжээ.  Мэдээлэл зүйн улсын XXVIII олимпиадад монгол улсын өнцөг булан бүрээс шалгарсан 37 багш, 34 сурагч 600 онооны зургаан бодлогыг хоёр  өдөр бодож уралдсан бөгөөд мөн өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөн юм. Энэ жилийн Мэдээлэл зүйн олимпиадад  Нийслэлийн лаборатори 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Эрдэнэ 380 оноогоор тэргүүлж, удаах байранд  Увс аймгийн 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Жавхлан, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Бат-Оргил, УБ хотын “Шинэ Монгол” сургуулийн 11-р ангийн сурагч Д.Учрал шалгарчээ. Харин багш нарын ангилалд Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн багш С.Цагаан түрүүлж,  Хөвсгөл аймгийн Ирээдүй цогцолбор сургуулийн багш Д.Батмөнх, Увс аймгийн II сургуулийн багш Ц.Өлзий удаах байруудыг эзэлсэн байна. Мэдээллийн технологи өдрөөс өдөрт хөгжин, өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа энэ үед сурагчид ч энэ салбарт өрсөлдөх боломжтой гэдгээ олимпиадын үеэр батлан харуулж чадлаа. Сурагчдийн бүтээлийн уралдаанд Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ж.Бямба-Очир “My system” бүтээлээрээ түрүүлсэн юм. Мөн “Хөх толбот” монгол бичгийн программ зохион бүтээсэн Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 11-р ангийн сурагч Д.Лхагватөгөлдөр хоёрдугаар байр эзэлж, Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн 11-р ангийн сурагч О.Анхдалай “Ахиц бодлого” бүтээлээр гуравдугаар байранд шалгарчээ.  Энэхүү уралдаанд шалгарсан багш сурагчид Тайвань улсад болох Олон улсын мэдээлэл зүйн олимпиад оролцох юм байна. Монголын үүрэн Холбооны Скайтел группын 15 жилийн ойн энэ жил тохиож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд хэрэглэгчид болон нийгэмдээ хандсан олон ажлуудын нэг болгож энэхүү олимпиадыг ивээн тэтгэгчээр оролцжээ.

Ухаалаг хэрэглээг хүн бүрт