Луол Дэнг: Найман жилийн өмнөөс Монголд ирэхийг хүсч байлаа

2013-07-17

Наадам айлсуулан Монгол нутагт богинохон ч гэсэн үр дүнтэй айлчлал хийгээд буцсан Чикаго Буллс багийн шилдэг довтлогч Луол Дэнгтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

Сур: Сайн байна уу? Яриагаа таны Монголд ирэх болсон шалтгаанаас эхэлье?

Дэнг : Анх 8 жилийн өмнөөс танай улсад ирэх талаар бодож эхэлсэн. Лондонд анх танилцаж байсан миний найз Батуш /Б.Баттүшиг/ анх санал тавьсан л даа. Миний сайн найз учир зун болгон “Монголд очиж үзэх хэрэгтэй” гэж надад хэлдэг байсан.

Сур: Найман жил гэдэг урт хугацаа шүү?

Дэнг : Тиймээ. Учир нь би “Үндэсний шигшээ баг”-таа тоглоод зуны турш завгүй байдаг байсан. Харин энэ жил би тоглоогүй учраас бид ярилцаж шийдээд танай улсад зочилж, танилцахаар болсон юм. Удаан хүссэний эцэст ямар ч байсан ирлээ.

Сур: Манай улсад ирэх, өөрөө харах боломж байгаагүй юм байна. Тэгвэл Монголын талаар сонсож мэдсэн зүйлс тань ямар байв?

Дэнг: Маш олон сайхан зүйлсийг Батушаас сонсдог байсан. Тэр Монгол улс ямар гайхалтай, бас хөгжил цэцэглэлтийнх нь талаар яридаг байлаа. Харин сагсан бөмбөгийн хөгжлийн талаар төдийлөн ярьж байгаагүй. Энд ирээд хэдхэн цаг болж байгаа ч би аль хэдийнээ сагсан бөмбөгийн нөлөө, олон хүн энэ спортод хайртай юм байна гэдгийг харчихаад байна.

Сур: Одоо таны тухай ярилцъя. Таны төрж өссөн Судан улсад нэг үе иргэний дайны асуудал хурцдаснаас танай гэр бүл Египт нүүж, дараа нь Англи улсруу дүрвэсэн гэдэг. Тиймээс та тухайн цаг үеийн байдал, хүндрэлтэй үеийн талаар бага ч гэсэн ярьж өгнө үү?

Дэнг: Их хүнд байлаа. Иргэний дайн удаан хугацаанд үргэлжилсэн учраас түүнийг дагаад олон хүндрэл, бэрхшээлүүд гардаг байсан. Тиймээс ч намайг жаахан байхад гэр бүл маань нүүсэн. Намайг 5 настайд Египтэд очсон юм. Тэнд 7 нас хүрээд сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Ах маань намайг сагсан бөмбөгт татан оруулсан. Египтэд хэсэг амьдраад, олныг даган дахин нүүхээр болсон. Тэр урт аялал, тэр холын нүүлт надад маш их зүйл сургасан. Нэг газраас нөгөөрүү нүүнэ гэдэг тухайн үед хүнд байлаа. Гэхдээ одоо би надад байгаа давуу талаа, олж авсан туршлагаа хараад гэр бүл маань зөв зүйл хийснийг хардаг. Олон ёс заншил, олон соёлд суралцсан. Тэр болгон олон хүнд ийм боломж олдохгүй болов уу. Хэдийгээр тухайн үед хүнд хэцүү байсан ч, тэрхүү шийдвэр намайг хурцалж, өнөөгийн энэ бие хүн болох эхлэлийг минь тавьсан гэж боддог юм.

Сур: Египетэд байхдаа л сагсан бөмбөгийн спортод хөл тавьсан гэж ойлгож болох уу?

Дэнг : Тиймээ. Манут Бол амралтаараа Египтэд ирж, миний ах болон найзуудад нь сагсан бөмбөг зааж өгч байлаа. Тухайн үед би жаахан байсан учир тэднийг дагаад л гүйж байдаг байлаа. Энэ талаар ямар ч ойлголтгүй байх үедээ Манутын заасан хичээл, бас бичлэг үздэг байсан. Сонирхолтой нь тэдний авчирсан бичлэгт зөвхөн Чикаго Буллс л гардаг байлаа. Тиймээс Буллсын л тоглолтыг үзнэ. Скотти Пиппен, Майкл Жордан болон бусад бүх залуусыг танидаг болсон. Тэгж л анх NBA гэдэг зүйлийг мэдэж авч байлаа.

 

Сур: Англи улсад очсоны дараа та жинхэнэ утгаараа сагсан бөмбөг тоглох болсон тухай уншсан. Тэгэхээр та яг хэзээ сагсан бөмбөгийн спортыг ирээдүйн мэргэжлээрээ сонгосон бэ?

Дэнг: 13 настайдаа. Миний эгч сагсан бөмбөгийн спортоор амжилттай хичээллэн Америкт сургуулийн тэтгэлэг авсан юм. Тэгэхэд аав маань “Чи сайн сурах юм бол эгчтэйгээ хамт Америкт сурах боломжтой шүү” гэж хэлсэн. Тухайн үед сагсан бөмбөгийн талаар гаргасан шийдвэр яг ч байгаагүй. Би Америкруу эгчдээ хань болохоор явсанаас эхлэн би сагсан бөмбөгөөр идэвхтэй хичээллэж эхэлсэн. Англид “JCAC” гэдэг шалгалт байдаг юм. Би тэр шалгалтыг өгч чадахгүйгээ мэдэж байсан учраас сагсан бөмбөгийн  спортод бүх анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Яг тэр үед Америкруу нүүж, тэндээ ахлах сургуульд элсэн ороход би 14 настай байсан юм.

Сур: Хөлбөмбөгийн спортыг маш чухлаар хүлээн авдаг улсад сагсан бөмбөгийн спортыг яаж хөгжүүлэхэд хэцүү байх?

Дэнг: Маш хэцүү. Англид сагсан бөмбөгийг хөгжүүлэх гэж хичээх нь маш хэцүү. Өөрийн тань хэлсэнчлэн хөлбөмбөгт маш их анхаарал хандуулдаг. Түүний дараа Рэгби том байр эзэлнэ. Рэгбигийн дараа крикетийг нэрлэж болно. Англид сагсан бөмбөгийг бага насны хүүхдүүд л тоглодог гэж болно. Хүүхдүүд өсч, том болохоороо бусад спортруу татагдаж эхэлдэг. Тиймээс миний нэрэмжит сан сагсан бөмбөгийн үндсэн суурийг тавих, шигшээ багт тоглох ирээдүйн залгамж халааг бэлдэх, шигшээ багаа Олимп, тив дэлхийн аваргад шалгаруулан оролцуулах зорилготой ажилладаг. Анх эхэлж байсан үеэ бодвол бид хамаагүй дэвшилттэй ажиллаж байгаа. Гэхдээ л бидэнд Англид сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн тулд хийх зүйл их байна.

Сур: Та Дьюкийн их сургуульд бүх цаг үеийн агуу дасгалжуулагчдын нэг Майк Шишевскигийн удирдлага дор тоглож эхэлсэн. Түүний талаар? Түүний арга барил, ухаан нь үнэхээр шилдэг үү? Эсвэл хүмүүс дэвэргэж яридаг юм уу?

Дэнг: Өчигдөрхөн би найзтайгаа түүний талаар ярьсан. Ихэнх дасгалжуулагчид өөрийн тогтсон аргатай байдаг. Сагсан бөмбөг бол ийм, тийм гэж заадаг. Харин дасгалжуулагч Кэй тоглогчтойгоо найз болчихдог. Хэрхэн шаргуу тоглох, өдөр бүр хэрхэн тэмцэх талаар заадаг. Мөн өнөөдөр чиний хувьд хамгийн чухал тоглолт, өнөөдөр чиний хувьд хамгийн чухал бэлтгэл гэдэг ойлголт толгойд суух шалтгааныг бий болгож чаддаг. Мөн тэр Дьюкт ирж тоглосон хэнд ч хамаагүй өөртөө хэрхэн итгэхийг ойлгуулдаг. Дьюкийн хожиж, хожигдож байгаа нь хамаагүй тоглолт бүрт хүчтэй, тууштай тоглодог. Талбайд байгаа бүхнээ л шавхана. Түүнд тоглогчдоо шаргуу тоглуулж чаддаг чадвар бий.

Сур: Дьюкийн дараа таныг Буллс драфтаар авсан.  Буллс таныг эхний шатнаас авна гэдгийг мэдэж байсан уу?

Дэнг: Ямар ч төсөөлөл байгаагүй. Драфтын өдөр очиж тоглогчдын өрөөнд орох юм бол тоглогчдын төлөөлөгчид утсаар зогсоо зайгүй ярихыг харах болно. Зарлахаас өмнө ерөнхийдөө тохирно гэсэн үг. Эхний сонголт бол бүгд л залгаад бид байна, бид байна гээд л ярьж гарна. Тэр үед Финикс Санс 7 дахь сонголтыг хийх байлаа. Тэдний сонголтыг зарлахаас өмнө миний төлөөлөгч тэдэнтэй яриад чамайг авах нь гэсэн. Дэвид Стөрн тайзан дээр гарч намайг дуудна гэдгийг мэдэж байлаа. Тэгээд л пиджакаа янзлаад л. Сонгогдчихоод л малгайгаа аваад зургаа авахуулаад хэвлэлийнхэнд Финикс Санст тоглох нь ямар гайхалтай байх талаар хүртэл ярьсан. Тэгээд байж байтал хэн нэгэн ирээд намайг Финикст тоглохгүйг хэлж байна. Буллст тоглох болсон л гэж байна. Тэгэнгүүт л би Буллст очиж тоглох гэж байгаадаа баяртай байна гээд л ярьж эхэлсэн. Тэгж л би Буллст орох болсноо мэдсэн юм.

Сур: Бүгд таныг Буллст хэрхэн тоглож байгааг мэднэ. Харин танай багийн Дэррик Рөүс, Жоаким Ноа, Хамилтон гээд олон тоглогчид гэмтсэн. Дэррик Рөүсийн энэ улиралд гаргасан шийдвэрийн талаар маш олон хүн сонирхож байгаа байх. Түүнтэй ойр байдаг хүний хувьд таны бодлыг сонсмоор байна?  

Дэнг: Би 100 хувьд Дэррикийн талд орно. Тэр зөв шийдвэр гаргасан. Тэр бэлтгэлээ эхэлж, бүгд түүний бэртэл эдгэрч, сайжирсан байгааг харж байлаа. Тйимээс хүмүүс өөрсдийгөө бодож түүнийг эргэж ирэх цаг нь болсон гэж байсан. Харин миний хувьд Дэррик миний мэдэх өмнөх Дэррик хараахан болоогүй байсан юм. Би Дэррикийн шилдэг тоглолтыг, түүнийг МВП болж байсан үеийг нь мэднэ.

Сур: Хуучин шигээ хараахан болоогүй байжээ?

Дэнг: Эргэн ирж супермэн шиг байхад тэр хараахан бэлэн болоогүй байсан. Хэрэв эргэн ирсэн бол магадгүй муу зүйл болох байсан. Тэр асуудлыг зөв шийдсэн. Олон хүн түүний тоглохыг харахыг хүсч байсан нь түүнд том дарамтыг учруулж байсан. Цаашдын хувийн болон Буллсын амжилтыг бодвол тэр үнэхээр зөв шийдвэр гаргасан гэдэгт итгэлтэй байна. Магадгүй хүмүүс одоо ойлгохгүй байж болох юм. Ирэх улиралд хүмүүс түүний тоглохыг хараад зөв шийдвэр байсныг ойлгох болов уу гэж бодож байна. Тэр эргэж ирээд урьдын гайхалтай шилдэг тоглолтоо гаргахаар хүмүүс ойлгоно. Тэр тэгж чадна гэж бодож байна.

Сур: Одоо NBA-н талаар яриагаа түр завсарлъя. Хэрэв нэг жаалхүү өөр дээр чинь ирээд сагсчин болмоор байна надад зөвлөөч гэвэл юу гэж хэлэх үү?

Дэнг: Хамгийн түрүүнд энэ спортдоо хайртай бай гэнэ. Нэгэнт энэ спортыг сонгохоор шийдсэн бол юу ч тохиолдсон бүхнээ дайчлах ёстой. Энэ спортод үнэхээр хайртай гэдгээ мэдсэн бол шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөртөө итгэ. Сагсан бөмбөг тоглоно гэдэг өдөр бүрийн бэлтгэл сургуулилтын үндсэн дээр сайжирч, дадал болдог зүйл. Нэг л өдөр хүрээд ирдэг авьяас чадвар гэж байхгүй. Зүгээр хүссэнээр болдог зүйл бас биш. Сайн тоглогч болохын тулд их зүйл сурч, их хөдөлмөрлөх ёстой. Тэгээд хийж байгаа зүйлээсээ таашаал авч, хөгжилд л гэнэ дээ.

Сур: Манай ивээн тэтгэгчид болох Скайтел группын D20 брэнд, мөн Алтай Холдинг компаниуд танай сангийн буяны үйлст тодорхой хэмжээний мөнгө хандивлахаар болсон гэдгийг хэлэхэд таатай байна. Энэхүү хандив нь олон хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн Африк ч гэлтгүй, Англи болон танай байгууллагын үйл ажиллагаа явагдаж байгаа газар бүрт хүрэх байх?

Дэнг: Намайг энд ирэх бололцоог олгосон бүх ивээн тэтгэгчиддээ талархаж байгаагаа хэлмээр байна. Миний найз Батуш намайг энд ирээчээ гэж хүссэн. Энд ирсэндээ ч баяртай байна. Энд ирэх шийдвэр гаргаад байж байтал ивээн тэтгэгчид санд маань хандив өргөж байгаа нь гайхалтай. Миний хувьд танай улсад зочлох, танай улстай танилцах гэдэг хамгийн чухал байна. 8-9 жил бодож байгаад хийсэн зүйл маань учраас сайхан байна. Зун болгон л энэ талаар ярьдаг байлаа.

Сур: Үргэлж бодож байж дээ?

Дэнг: Тэгэлгүй яахав. Батуш үргэлж төрсөн нутгийнхаа талаар, ямар сайхан, ямар гайхалтай талаар ярьдаг юм. Энэ бүхний дараа би энд ирчихсэн, олон сайхан зураг дараад нэгэн сайхан дурсамжтай аялал хийж байгаадаа баяртай байна. Тэр надад маргааш илүү сайхан өдөр байх болно гэж амалсан.

Сур: Маргааш та хэд хэдэн газар зочилно. Наадмын үйл ажиллагаатай танилцана. Хамгийн ихээр хийхийг хүсч байгаа зүйл тань юу вэ?

Дэнг: Олон зураг дарахыг хүсч байна. Морины уралдаан үзнэ. Зураг дарна. Бас барилдана /инээв/. Тоглосон юм. Зүгээр сайхан үзнэ дээ.

Сур: Сүүлийн асуултаа асууя. Өв залгамжлалын талаар. Одоогоос 20 жилийн дараа эргээд харахад юу хийсэн байхыг хүсч бйана вэ? Талбай дээр, талбайн гадна ч тэр.

Дэнг: Хэдэн зүйл бий. Олон хүнд “Боломжгүй зүйл гэж үгүй” гэдгийг ойлгуулахыг хүсч байна. Тэдэнд өөрийнхөө туулсан шиг амьдралыг туулах замыг нь нээж өгөхсөн гэж боддог. Хаана ч байсан хамаагүй өөртөө л итгэх хэрэгтэй. Хүн өөрийн түүхээ өөрөө л бичнэ. Асуудал учирсан ч даван гараад туулсан замаа эргэн хараад ямар хүндрэлтэй байсныг нь харж болно. Тэр бүхнийхээ дараа өөрийгөө хаанаас яаж ирснээ мартаж болохгүй. Амьдралдаа бусдад хэрхэн тусалж, бусдад хэрхэн зөвлөж байснаа эргэн сайхнаар дурсахыг хүсч байна. Мөн олон жилийн дараа хүмүүст намайг зөвхөн сагсан бөмбөгчин гэдгээр маань бус хувь хүн талаас маань, ямар хүн байсан талаар дурсаасай гэж хүсч байна.

Сур: Маш их баярлалаа, ноён Дэнг.

Дэнг : Баярлалаа.