Монгол залуус Луол Дэнгтэй наадлаа

2013-07-16

Монголын спорт сонирхогчид тэр дундаа сагсан бөмбөгийн хорхойтнуудын хувьд гайхалтай бас дурсамжтай явдал наадам айлсуулан тохиосон нь домогт ЧикагоБуллс багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, NBA-н шилдэг тоглогчдын нэг ЛуолДэнг /Luol Deng/-ийн Монголд хийсэн айлчлал байлаа.

Тэрээр Монголын үүрэн холбооны үндэсний оператор Скайтел Групп болон Алтай Холдингийн урилгаар манай улсад Үндэсний баяр наадмын тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан энэ сарын 11-13-ны хооронд айлчилсан юм.

Зуны амралтаараа манай улсад ирсэн NBA-гийн шилдэг тамирчин маань хурдан морины уралдаан үзэж, үндэсний зоог барин, төв цэнгэлдэх хүрээлэнд зочлон Монгол үндэсний наадам, ёс заншилтай танилцахын зэрэгцээ хэд хэдэн томоохон арга хэмжээнд оролцсон байна. 

Үүний нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 12-ны өдөр зохиогдсон “Live Different” өдөрлөг юм. Дуу хуур, инээд хөөр, шүтэн бишрэгчдийн алга ташилтаар дүүрэн болж өнгөрсөн тус өдөрлөгийн үеэр Луол Дэнг сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай дунд сургуулийн хүүхдүүдэд спорт заалны хэрэгслүүдийг хандивласан байна. Мөн цугласан олон дундаас азтан шалгаруулж, өөрийн гарын үсэг бүхий сагсны хослолыг бэлэглэж байв. Түүний гарын үсгийг авч, зургаа хамт авахуулах гэсэн шүтэн бишрэгчдээ ч мөн адил гонсойлгосонгүй.

Шинэ үеийн залуусын төлөөлөл болсон залуу “Од”-ын хувьд эрч хүчтэй, цоглог залуусын очих дуртай баяр болох “Silence white” шоунд уригдан оролцож, Монголын залуу үетэй хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрөөсөн юм.

NBA-н шилдэг тамирчдын нэг болох Луол Дэнг Монгол улсад хийсэн богинохон айлчлалынхаа үеэр Скайтел группээс зохион байгуулсан дээрх арга хэмжээнүүдэд оролцсоноос гадна Боловсрол суваг телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт уригдан оролцсон юм.