NBA –гийн од ЛУОЛ ДЭНГ Монголд

2013-07-04

Монголын спорт сонирхогчид тэр дундаа сагсан бөмбөгийн хорхойтнуудын хувьд гайхалтай бас дурсамжтай үйл явдал тохиох гэж байна.

Энэ бол домогт Чикаго Буллс багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, NBA-гийн шилдэг тоглогчдын нэг Луол Дэнг /Luol Deng/-ийн Монгол дахь айлчлал юм.

Тэрээр Монголын үүрэн холбооны үндэсний оператор Скайтел Групп болон Алтай Холдингийн  урилгаар манай улсад Үндэсний баяр наадмын тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан энэ сарын 12-13-ны хооронд айлчлана.

Зуны амралтаараа манай улсад зочилж буй NBA-гийн шилдэг тамирчин маань Монгол үндэсний наадам, ёс заншилтай танилцахын зэрэгцээ өөрийн удирдан явуулдаг Луол Дэнг /Luol Deng Foundation/ Сангийн шугамаар ажиллах юм.

Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахын зэрэгцээ  эрүүл мэнд, боловсролыг дэмжих, гэмт хэргийг бууруулах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой уг санг Луол Дэнг анх 2005 онд байгуулсан байна.  

Тэрээр Монголд айлчлах хугацаандаа Скайтел Группээс зохион байгуулах олон нийт, хүмүүнлэгийн арга хэмжээ, телевизийн хөтөлбөр болон бусад үйл ажиллагаанд оролцох юм.

Дашрамд дурдахад Скайтел Группээс “NBA –гийн од Луол Дэнгийг хэн сайн зурах вэ?” зургийн болон “Луол Дэнгээс асуух шилдэг асуулт” уралдаануудыг өөрийн “D20” Facebook хуудсаар дамжуулан зохион байгуулж байгаа бөгөөд ялагчид Луол Дэнгтэй биечлэн уулзах ховорхон боломжийн эзэн болно.

Айлчлалтай холбоотой хэвлэлийн бага хурал 7-р сарын 4-ний 15:00 цагт Чингис Хаан зочид буудалд болох бөгөөд энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудад сурвалжлах эрхийн мандат олгоно. “Луол Дэнг Монголд” хөтөлбөрийн хамтран ажиллагч байгууллагаар Чингис зочид буудал, Алтай Кашмир, Скай Трэйдинг ХХК мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр Star TV, Боловсрол Суваг ТВ, Спорт Бокс Суваг, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо, Score Студи ажиллаж байна.